Малчид аа, маллуулав!


4-р сарын 11
12 цаг 43 минут

Малчид аа, маллуулав!

 “Хий үзэгдэл Европоор тэнүүчилж явна. Коммунизмын хий үзэгдэл”

Карл Марксын “Коммунист намын тунхаг” ингэж эхэлдэг. Тэрхүү хий үзэгдэл ХХ зуунд хүн төрлийг олсон төдийгүй монгол төрхөө 1924 онд олж, дал наслахдаа  амар заяа үзүүлээгүй билээ. Коммунизмын хий үзэгдэл нь олон жил тэнүүчилсний эцэст 1917 онд хүмүүн төрлөө олж, 73 жил амьдраад 1990 онд ардчилсан хувьсгалаар амьсгал хураасан.  Гэтэл бие цогцсоо орхин одсон коммунизмын хий үзэгдэл зуурдад гацаад тэнүүчилж явна. 34 жил тэнүүчлэхдээ зүс царайгаа хувирган явахдаа үе үехэн Төрийн ордонд үнэн төрхөө харуулах авай.

Нүүдлийн сонгодог мал аж ахуйг хүн амынх нь үнэмлэхүй олонх нь эрхлэхдээ эрс тэс байгалийн цаг уурт дасан зохицож, сэтгэл зүйн хувьд давтагдашгүй онцлогтой монголчуудыг сталинист томъёололд хүчээр цутгаж, туршилтын лаборатори болгох гэсэн баримтууд өнгөрсөн зууны түүхэнд бишгүй үлджээ.

1948 Намын төв хорооны III бүгд хурал дээр Ю.Цэдэнбал "Малчин ардууд нилэнхүйдээ язгуураараа капиталист элементийг төрүүлж байна. Тийм учраас баячуудын эсрэг зогсолтгүй тэмцэх ёстой" гэсэн нь тэмдэглэгдэн үлджээ. Тухайн үед "өсөн нэмэгдүүлэх төлөвлөгөө" гэгч хэрэгжиж байсан бөгөөд маллаж буй малын тоо толгойг нэмэхийн тулд мал тус бүрээр тооцон өөх, сүү, мах, ноос, түүхий эдийн албан журмын татвар байдлаар биелэгдэх ямар ч боломжгүй зүйлийг хуульчлан авахаар болсон байв. Бүхнээ шавхаад өгсөн ч малчид тэдний шуналыг дүүргэж чадахгүй. Чадаагүй малчныг "улс төрийн хэрэгтэн" болгосон агаад нийтлэлч Баабарын тэмдэглэснээр "1950-аад онд 20 мянган малчин шоронд оржээ".

А.Баатархуяг, Ц.Навагчамба нарын судалгаагаар, улсын сайн малчин 97 байснаас 66 нь хорих ялаар шийтгүүлж байв. Хуучнаар Төв аймгийн Баянзүрх сумын харъяат Бадамыг "шинэ цагийн мөлжигч төрлөө" гэж 1955 оны цагаан сараар идээ, тавгийг нь сүйтгэн баривчилж, 10 жилийн ял өгчээ. Энэ талаар Улсын Дээд шүүхийн гишүүн Бандийн Лхамжав "Бадамыг заавал шийтгэ. Тэгэхдээ баячуудад айдас төрүүлэхээр хатуу шийтгэ гэж дарамталсан учир яаж ч чадаагүй. 10 жил яс суулгаж маш их зовоосон. Сүүлдээ Бадам бичээч турж үхсэнийг сонсоод гол харлаж явдаг юм" гээд уйлж байсан талаар "Эдийн засгийн хэлмэгдүүлэлт 2009" эмхэтгэлд дурдсан байх юм.

Малчдын сайн сайхны төлөө, улс орны эрх ашгийн төлөө, ядарсан ардуудын төлөө гэхчилэн халхавчилсан нам засаг үнэн хэрэгтэй малчдын эсрэг, бүхнийг эздийнхээ төлөө гүйцэлдүүлж байв.

Одоо ч энэ дэмийрэл арилаагүй бөгөөд үе үе коммунизмын хий үзэгдэл УИХ-ын гишүүний биеэр биежин амаар нь ашиг сонирхолоо тунхагладаг….

Хамгийн сүүлд Ш.Адьшаа нарын/УИХ-ын дарга Г.Занданшатар ч багтсан/ УИХ-ын 38 гишүүний өргөн барьсан хуулийн төслөөр биежих бололтой. Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг тэд өргөн барьсан нь байнгын хорооны босгыг давав.

Товчхондоо энэхүү хуулийн төслөөр Монголын үйлдвэрчний эвлэл шиг өөрийн гэсэн бие даасан хуультай малчдын холбоо байгуулагдах нь.  Ингэхдээ “Малчин өрхийн холбоо нь гишүүддээ үйлчилдэг, ашгийн төлөө бус хуулийн этгээд байна. Малчин өрхийн холбоо нь малчин өрхийн анхдагч холбоо, сумын, аймгийн, нэгдсэн холбооны зохион байгуулалттай байна” гэж тусгажээ. Сайн дурын юм шиг хэр нь энэхүү холбоо шууд орон нутгийн удирдлагатай гэрээлж, бэлчээрийн болоод бусад асуудлыг шийдэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, холбоонд элсээгүй бол  хуучны нэгдэлд ороогүй малтай иргэдийг хэрхэн гадуурхсан шиг л үйл ажиллагаа явуулах бүрэн эрхтэй. Нэгдэлжих хөдөлгөөнийг өнөө цагт зүсийг нь хувиргаад шинээр байгуулах гээд буй нь энэ.

Энэхүү хуулийн төсөлд дараах үйл ажиллагааг явуулах аж.

  • 9.1 Анхдагч холбоо нь малчин өрхийн гишүүдийг боловсрол, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, төрийн мэдээллийг хүргэх чиглэлээр дараах үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлнэ:
  • 9.1.1.малчин өрхийн гишүүдийн нарийн мэргэжлийн болон эрүүл мэндийн бусад тусламж, үйлчилгээ авах хүсэлтийг сумын эрүүл мэндийн төвд уламжилж, хамтран ажиллах;
  • 9.1.2.малчин өрхийн гишүүдийг албан болон албан бус сургалтад хамруулах;
  • 9.1.3.холбогдох байгууллагаас зохион байгуулах мал аж ахуйн үйлдвэрлэлийн арга, технологи, бизнесийн үйл ажиллагааны талаар мэдлэг түгээх, малчдын ур чадварыг сайжруулахад чиглэсэн мэргэжил, арга зүйн зөвлөн нэвтрүүлэх үйлчилгээнд гишүүдийг хамруулах;
  • 9.1.4.орон нутгийн удирдлагаас мэдээлэл хүргэх.
  • 9.2.Энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.

Эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхийн тулд ЭМЯ, эмнэлэг, сурч боловсрохыг хариуцсан БШУЯ, боловсролын газрууд, сургууль цэцэрлэг, орон нутгийн удирдлагыг мэдээллийг хүргэхийн тулд орон нутгийн захиргаа, харъяа байгууллагууд /мал эмнэлэг, цагдаа, шүүх, онцгой байдлын алба/ орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн радио, телевиз байдаггүй бил үү?

Монгол Улсын мал сүрэг  өнөө цагт түүхэнд байгаагүйгээр өссөн бөгөөд нэгдэлжүүлэх хөдөлгөөн эрчээ авсан 1990 оноос өмнөх үед ч талд нь хүрээгүй амжилтыг нэгдэлгүй, холбоогүй, хамтралгүй мал малчдын өмч болсон өнөө цагт л бий болгосон. Малчдад малыг нь хувьчилснаар энэ өсөлт бий болсноос бус улсын хамгаалалтад, нэгнийх нь малыг булааж аваад нөгөөд нь өгсөн нэгдлийн өмч байхдаа хэзээ ч ийм үр өгөөжтэй байсангүй. Харин ч өнөөг хүртэл таслаагүй "сайн малчин" шалгаруулдаг коммунист шагналын балгаар малчид чанарт бус тоонд ач холбогдол өгснөөр бусдын тусламж авахгүй л бол өөрсдөө ч малаа маллаж хүчирхэхгүй болжээ. Энэ л малчдын асуудал болсон бөгөөд үүнээс шалтгаалан хүүхдүүдийн сургууль завсардалт, гэр бүл салалт гээд олон олон сөрөг асуудал шил шилээ дагаад гарч байна.  Коммунизмын “Бүхнийг фронтод” гэх уриа хэрэгжсэн он жилүүдэд мал хоргодуулбал ялд ундаг учраас“Ялтай мал” гэх үг гарсан бол нэгдэлжих хөдөлгөөний үед бий болсон “Буруу хойшоо, малчин болоорой” гэх үг хараал болон хэлэгдэх болжээ. Нэгдлийн малыг малласан он жилүүдэд сүүгээ тушаадаг, малаа хүүхдээсээ ч илүү бөөцийлгөдөг. Хүн биш мал нэгт байсныг “Хүргэн хүү” киноны төгсгөлд хүүхэд хөлд орж, хурга угжуулж буй дүрс тодхон харуулсаар байна.

Малчин монголчууд мянга мянган жил оршихдоо марксизмаас ч илүү малаа маллаж, байгалийн бэрхшээлийг даван туулахад суралцжээ. Гэтэл ердөө малчдыг холбоодын дор нэгтгэж, түүгээр дамжуулан эрх мэдлээ зузаатгаж, сонгогдох далд санаархлаас эхлээд ялих шалихгүй ашиг сонирхлоос үүдсэн эрх ашиг л эл хуулийн төслийн ард нуугджээ. Энэхүү холбоо байгуулагдвал малчдын асуудал шийдэгдэнэ гэвэл ёстой лөөлөө. Харин түүний оронд дэд бүтцийг нь сайжруулж өгөөд монгол малчныг элэдэв шагналаар уралдуулалгүй, эрх чөлөөтэй тайван орхивол илүү тус болно. Малчдынхаа төлөө мэт энэхүү хуулийн төслийн цаанаас малчдыг маллах л санаа цухалзах аж. Малчид аа, маллуулав!

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно6 цаг 1 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ6 цаг 3 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд6 цаг 6 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ6 цаг 7 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ6 цаг 7 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ6 цаг 8 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв6 цаг 9 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав7 цаг 11 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна7 цаг 12 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ7 цаг 13 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.