С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ?


4-р сарын 9
14 цаг 34 минут

Дахиад л гал.. Дахиад л өнчрөл хагацал, харуусал харамсал. Онцгойгийн нэг алба хаагч өчигдөр /2024.04.08/ албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан нь олны сэтгэлийг хямраав. Ахиад хэчнээн хүн албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдах вэ гэсэн асуулт хэн бүхнийг бухимдуулж байна. Үнэндээ онцгой байдлын салбарын удирдлагууд өмнөх гашуун явдлуудаас сургамж авсангүй. Хэдхэн сарын өмнө хэний ч төсөөлөөгүй гэнэтийн гай гамшиг болж, онцгой байдлын гурван алба хаагчаа цаг бусаар амиа алдсан. Олон дарга нар араас нь худал, үнэн гашуудсан.

Үнэндээ, тэдний амь насны төлбөр болгож төрөөс өгдөг байр, тэтгэмж ар, гэр үх хүүхдийнх нь аз жаргалын дэргэд юу юм бэ. Гэтэл өнөөдөр дахин нэг албан хаагч гэртээ, эхнэртээ, үр хүүхдэдээ эргэж ирсэнгүй. Тэр болгонд хэдэн сайд, дарга нар олны өмнө эмгэнэн гашуудсан дүр эсгээд л ажилчдаа, албан хаагчдынхаа зовлонг мартдаг.

Энэ салбарыг бодлогоор, удирдлагаар хангаж буй хүмүүс нь Шадар сайд С.Амарсайхан, генерал Г.Ариунбуян нар. Тэд цаашдаа амиа алдсан албан хаагчдынхаа статистикийг тоолоод эмгэнэл гаргаад сууж байх уу.  Хэрэвзээ нийгэмд шударга ёс гэж байдаг бол тэр нь Засгийн газрын танхимаас эхлэх ёстой. Тэр тусмаа онцгой байдлыг албыг өнөөдрийн "үхэл, хагацал"-д хүргэсэн "өндөрлөг"-үүдтэй нь хариуцлага тооцох ёстой.  Үнэндээ, 21 дүгээр зуунд улаан гараараа улаан галтай ноцолдоно гэдэг энэ салбарт авлига, хулгай нүүрлэсний илрэл. Тэгэхээр С.Амарсайхан, Г.Ариунбуян нарын суудал хэдэн "АМЬ"-ны үнэтэй вэ? гэдэг нь асуултыг тэмдэг болж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян өмнөх ослоор "Онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмжийн чадавх, хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийг сайжруулах тал дээр төр засаг анхаардаг ч шаардлага хэрэгцээ байгаа. Өнөөдөр тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангамж улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн" гэдгийг хэлж байсан.

НОБГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй дарга нар гал түймрийг бүрэн унтраасны дараа мэдээлэл хийхдээ ар гэрийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлэх үеэрээ "Алба хаагчдад ямар нэгэн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл дутагдалтай байгаагүй. Галд өртөж байгаа обьект дотор дутуу хувцастай үүрэг гүйцэтгэдэггүй. Тэнд байгаа бүх машинууд өөр өөрсдийн хуваарийн дагуу үүргээ гүйцэтгэсэн" гэдэг хариултыг өгсөн.

Харин ар гэрийнхний зүгээс "Амиа алдсан алба хаагч тэтгэвэрт гарах хугацаа нь болж, өнгөрсөн 2023 оны есдүгээр сараас хойш удаа дараа хүсэлтээ өгсөн боловч тэтгэвэрт нь гаргаагүй. Өмнө нь тэр хүн маань 30 хувийн түлэгдэлтийн гэмтэл авсан гэсэн боловч үнэндээ 80 хувь түлэгдсэн байсан. Тэр түлэгдлийн шалтгаанаас ажлаа өгөх хүсэлтээ өгөөд байхад хүлээж аваагүй. Хэрвээ тэр хүсэлтийг нь авсан бол өнөөдөр таван хүүхэд өнчрөхгүй байсан" гэдгийг гомдол тээн, учирлав.

Дүрэлзэн буй улаан гал руу, үерлэсэн гол ус руу, өвлийн тэсгим хүйтэнд, зуны аагим халуунд, байгаль цаг уурын хүнд хэцүү нөхцөлд онцгой байдлын албан хаагчид нүцгэн гараараа ажилладаг гэхэд хилсдэхгүй. Ийм хатуу дуудлагууд өдөр тутам ирж, цаг минуттай уралдан хүний алтан амийг аварч үлдэхийн төлөө ажилладаг тэдэнд энэ ээлжит нэгэн үүрэг нь байсан байх. Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян нар ёс зүйн хариуцлага хүлээж, ажлаа хүлээлгэх өгөх цаг болсон гэдгийг иргэд хэлж байна. Харамсалтай тохиолдол ганц нэг алба хаагчийн амь насаар тогтохгүй. Сүүлийн таван сарын хугацаанд албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан харамсалтай тохиолдол тав гарлаа. Тодруулбал,

  • 2023.12.19:  Хан-Уул дүүрэгт орон сууцны барилга шатаж, гал түймэр унтраахаар үүрэг гүйцэтгэж явсан нэг алба хаагч нас барсан.
  • 2024.01.24: "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр газ тээвэрлэж явсан машин осолдож, гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдав.
  • 2024.04.08: Чингэлтэй дүүрэгт байрладаг "Миний" сүлжээ дэлгүүрийн гурван давхар барилга шатаж, нэг алба  хаагч амиа алдав.

ОБЕГ-ын Санхүү хангалт, хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр өмнө нь хувцас хэрэгслийн талаар мэдээлэхдээ энэ жил 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн гэдгийг онцолсон.

Тэрбээр "Төрийн цэргийн байгууллагын төсөв, хүч хэрэгслийн мэдээлэл Төрийн болон Цэргийн албаны нууцын тухай хуульд орсон байдаг. Гэхдээ энэ жилийн хувьд 2023 оны долоо, наймдугаар сард үер болоход Засгийн газраас 294 дүгээр тогтоол гаргаж, онцгой байдлын байгууллагын техник тоног төхөөрөмж,  хангалтыг нэмэх чиглэлд анхаарсан.

Энэ хүрээнд улсын төсвөөс 15 тэрбум төгрөгийг тусгай зориулалтын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжийг худалдан авахаар шийдвэрлэсэн. Удахгүй худалдан авалтаа зохион байгуулна. Албаныхан мэдээлэл хийхдээ дөрвөн албан хаагч дундаа нэг тусгай зориулалтын хувцастай гэсэн.

Энэ бол тусгай зориулалтын усны хувцасны тухай юм. Усны хувцас өндөр үнэтэй, хуурай болон нойтон хувцас гэж бий. Хуурай хувцас нь их өндөр үнэтэй учраас дөрвөн аврагч тутмын нэг нь тусгай зориулалтын усны хувцастай гэж ярьсан" гэж даргынхаа ярьсныг өмөөрч, тайлбарлаж байсан удаатай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 цаг 3 минутын өмнө"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 цаг 5 минутын өмнө"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 цаг 8 минутын өмнөХаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 цаг 9 минутын өмнөЗүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 цаг 9 минутын өмнөО.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 цаг 10 минутын өмнөНам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 цаг 11 минутын өмнөОй, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав5 цаг 13 минутын өмнөЦагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна5 цаг 14 минутын өмнөМИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ5 цаг 15 минутын өмнөҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.