Ц.Уянга: АН-ын нэрээр засаглалд хүрэх гэсэн "дүр" олширсон


4-р сарын 9
14 цаг 32 минут

Ц.Уянга: АН-ын нэрээр засаглалд хүрэх гэсэн "дүр" олширсон

Ардчилсан намын гишүүн Ц.Уянгатай нэг намын дарангуйлал, гажуудаж буй ардчиллын талаар ярилцлаа. 


-Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө сүүлийн үед улам хумигдаж байгааг та олон нийтийн сүлжээнд хамгийн хурц шүүмжилдэг хүмүүсийн нэг. Ардчиллаа алдчих вий гэсэн айдас танд байна уу?

-Ардчилсан намын 34 жилийн ой дөрөвдүгээр сарын 7-нд болсон. Энэ нь Монголд ардчилал, хүний эрх эрх чөлөөний үзэл санаа үр суулгаад 34 жил өнгөрсөн байна гэсэн үг.  Гучин дөрвөн жилд уг нь ардчилал улам дархлаажиж, баталгаажиж, нийгэм даяараа эрх чөлөөний тухай ойлголттой болох, улс төрийн боловсролтой болох хугацаа юм. Харамсалтай нь, сүүлийн үед ардчилал, хүний эрх, эрх чөлөө үнэхээр их гажуудаж байна. Монголл ардчиллыг гажуудуулах, улс төрийн үзэл суртлын тархи угаалтаар хүний эрх, эрх чөлөөг боомилох үйл явц өргөн далайцтайгаар, маш хурдан өрнөж байна.  Мэдээж, гадаад, дотоодын ашиг сонирхолтой улстөрчид үүнийг хийж байна. Мөн эрх баригч нам үүнийг хүсч байна.

Нэг намаар дангаар ноёрхож,  найман жил эрх мэдлийг атгаснаар Монгол Улс урагшлахаасаа илүү ухарчээ. Сөрөг хүчний дуу хоолойг боомилж, эрх баригчдын бодлого шийдвэрийг шүүмжилсэн бүхэн шоронгийн ялтан болж байна шүү дээ.  Улс төрийн бохир тоглолтын бай нь сөрөг хүчний лидерүүд болоод удсан. Монголын ардчиллыг үнэгүйдүүлэх, улмаар авторитори улс болгох сонирхол хоёр хөршид бий биз.

Өнгөрсөн 30 жилийн алдаа гэж эрх баригчид ярьж байгаа нь ардчиллын тухай сөрөг ойлголтыг нийгэмд тарьж, суулгаж байна гэсэн үг. Ардчилал гэдэг чинь хэрэггүй эд юм байна гэсэн тархи угаалтаар нийгмийг хордуулж байна шүү дээ.

-Иргэд худал, үнэн мэдээллийг ялгадаг болсон шүү дээ. Эрх баригчдын тархи угаалтад иргэд автах уу?

-Үзэл бодол нь төлөвшөөгүй залуучуудыг үзэл сурталаар угаагаад байвал тэд итгэнэ, автана, тэгээд үзэн ядна шүү дээ. Манай сонгогчид худал мэдээлэлд маш их автаж байна. Сонгогчдын боловсрол муу байгаагийн шинж. Сонгогчдын боловсрол муу байгаа нь амьдралын чанар нь муу байгаагаас болж байгаа байх. Ардчилал, эрх чөлөөний үзэл санааг хэт туйлшруулж, чөлөөт эдийн засаг, сонголтыг халамжийн системээр солино гэдэг утгагүй.

Халамжийн гажуудлаас болж ардчилалд маш том аюул учирч байгаа нь үнэн.

-Тэгвэл энэ бүхнийг хамгаалж дуугарах ёстой сөрөг хүчний дуу хоолой хааччихсан юм бэ?

-АН-ыг гадаад, дотоодын захиалгаар хагаралдуулсан. Муу, захын хар овоохой болгож хувиргасан. Үүнд манай нам доторх гадаадын гар хөлүүд, ардчиллын үнэт зүйлийн эсрэг явдаг хүмүүсийг ашигласан. Бизнес, бүлэглэлийн мөнгөөр АН-ын дотоод уур амьсгалыг эвдэлж, баллуурдах гэсэн оролдлого их явсан. Өнгөрсөн найман жилийн хугацаанд маш хүнд цаг үеийг АН давж ирсэн.

Ганцхан жилийн дотор Л.Гантөмөр дарга АН-ыг үзэл баримтлалын хувьд нэгтгэж чадсан нь багагүй амжилт.

НАМ ДОТОР АСУУДЛАА ХЭЛЭЛЦЭХЭЭР ХАГАРАЛДСАН ГЭЖ ХАРАХ НЬ ӨРӨӨСГӨЛ, ЭНЭ БОЛ АН-ЫН ОНЦЛОГ

-АН үзэл баримтлалын хувьд яг нэгдэж чадсан уу?

-Ардчилсан намынхан эвлэлдэж байна гэдэг хуучин болж өнгөрсөн бие биенийхээ алдаа, хуйвалдаан, зарчимгүй байдлыг өршөөх, уучилна гэсэн үг биш байх. Ардчиллын үнэт зүйлийг хамгаалж, алдаа, гажуудлыг арилгах нь АН-ын үүрэг мөн үү мөн. Үнэндээ өнгөрсөн найман жил эрх баригчид, гадаадын хар хүчинтэй нийлж АН-ыг хагаралдуулж, ардчиллыг тарамдуулах тал дээр л анхаарч иржээ. Иргэдийнхээ амьдралыг дээшлүүлж, эдийн засгаа урагшлуулах сонирхол байсангүй.  Мэдээж, үзэл баримтлалын хувьд бид нэгдэхийг хичээж байна. Үнэт зүйлээ тойроод суухыг оролдож байна. Иргэд АН-аас эв нэгдэл, үнэт зүйлийг хүлээж, хүсч байна.

Хэлэлцэж байж шийдлийг, зөв гаргалгааг олдог алхмыг л бид ардчиллын зарчим гээд байгаа. Тэгэхээр өнөөдөртөө АН-д хагаралдаад байгаа асуудал огт байхгүй.

-Ирэх сонгуулийг та хэрхэн төсөөлж байна?

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаар үнэмлэхүй олноор засагласан. Одоо энэ бүр хэтэрч улс төрийн сонгуулийн хуулийн хугацаагаар биш, хугацаагүй шахам төрийн эрх мэдлийг авах гэсэн галзуурал тахал шиг тарж байна. Сошила, сонин хэвлэлээр битүү эрх баригчдыг магтсан дуу хоолой л сонсогдож байна. Энэ бүхний эцсийн цэг нь нэг хүний дангаар ноёлох гэсэн арга барил. Үүнийг эрх баригчид олон аргаар тестэлж үзлээ. Ялангуяа цар тахлын нөхцөл байдлаар далимдуулж нийтэд аюултай нөхцөл байдал үүссэн гэх нэрийн дор эрх баригчид өөрсдөдөө ашигтай хууль баталж, хулгай хийх нь хулгай хийж, хүний эрх зөрчиж, хувийн өмч рүү халдаж, хууль шүүхгүй баривчилгаа явуулж, шорон, гяндангаар хүмүүсийг залхаан цээрлүүлдэг болсон гэх мэтчилэн дурдаад байвал дуусахгүй.

Covid-19-ийг далимдуулж үндэсний аюулгүй байдалд халдаж, дарангуйллыг аяндаа дасгах тогтолцоо руу оруулсан.

Ардчилсан намынхан Үндсэн хуулиар олгосон эрхээ эдлаж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэхээр бүгдийг нь нэр зүсгүй болгох гүтгэлгийг хийдэг. Үнэт зүйл, зарчим ярьсныг нь хорьдог, хэрэг тохдог, айлгадаг үйл явц өрнөлөө. Үүнд манай намын зарим хүмүүс хувь нэмрээ багагүй оруулсан. АН-ын нэрээр засаглалд хүрэх гэсэн "дүр" олширсон.

-Хэвлэлийн эрх чөлөөгөөр Монгол улам ухарсаар байгаа, та үүнийг ил тодоор шүүмжилдэг?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг нэг урсгалд оруулдаг нь зөвхөн энэ удаад болж байгаа шинэ зүйл биш. Covid-19-ийн үеэс мэдээллийн эх сурвалжуудыг эрх баригчид өөрсдийн хяналтад оруулж, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилж, мэдээллийн урсгалыг нэг болгох ажлуудыг тестэлсэн. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар ч бүх телевизүүдийг базсан. Мэргэжлийн ажил үүргээ гүйцэтгэсний төлөө сэтгүүлчдийг ч баривчлах, хорих зэрэг тохиолдлууд ихээр гарч байна.

Нөгөө талдаа хэвлэлийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлж, дуу хоолойг нь боомилж байна.

Үнэндээ өнгөрсөн найман жилийн хугацаанд сэтгүүлзүйн боломжууд бүгд буурсан. Хэвлэл мэдээллээр дамжуулж ардчилалд шууд нөлөөлж, иргэдийн эрхэнд халдаж байна. Мөн сошиалаар хуурамч мэдээллийн давлагаа үүсгэж, улс төрийн гүтгэлгээр цэнэглэж байна. Сошиалд олон амьд троллуудыг ажиллуулж, тархи угаалтаа идэвхжүүлж байна. Ингэснээр нийгмийг айдаст автуулах, цочроох, худал хуурмагт итгүүлэх зэрэг оролдлогуудыг хэрэгжүүлж байгаа.

Сонгуулийн жил иргэдийн мэдээлэл боловсруулах чадваргүй байдал дээр хамгийн их тоглолт хийдэг.

Эрх барьж байгаа Монгол Ардын намд хийсэн ажил гэж байхгүй. Хүний эрх, амьжиргааны түвшин, эдийн засгийн өсөлт гаргасан гэхчлэн хийсэн ажлын тайлан ч байхгүй. Өөрсдийгөө ярихаар дандаа иргэдээ дарангуйлсан, хүчирхийлсэн, үхэлд хүргэсэн учраас үүнийг дахин сануулахгүйн тулд хүмүүсийн ой санамжид худал мэдээллийг хоногшуулж байна. Үүнээс гарч байгаа үр дүнг ганцхан АН эдлэхгүй. Нийгмээрээ л үл бүтэх байдлыг эдэлж байна.

-Ирэх сонгуульд иргэн бүрийг оролцоотой байх тал дээр юу гэж уриалах вэ?

-Сонгуульд аль болох иргэдийн ирцийг бага байлгахыг эрх баригчид хүсдэг, оролддог. Хатуу гишүүнчлэл, халамжийн бодлогоосоо хараат байлгаж, өөрсдийнх нь доромжилдгоор "улны" гэдэг иргэддээ сонгууль дөхөөд ирэхээр будаа, гурил тараах зэрэг аргаар худалдаж авдаг. Тэд нь халамжаасаа салахгүйн тулд регистрээ зараад иддэг.

Улс төрийн хувьд хариуцлагатай байдал идэвх сул 45 хүртэлх насныхныг сонгуульд оролцуулахгүй байхыг эрх баригчид зорьдог.

Яг бодит байдал дээр сонгуулийн ирц хамгийн бага байдаг 30-45 насныхан амьдрал дээр хэрэгжиж байгаа татварын болон бусад бодлого, шийдвэрийн дарамтыг хамгийн их эдэлж байгаа. Мөн улс төрийн түвшинд гаргаж байгаа алдаануудыг биеэрээ үүрч яваа. Гэтэл хүмүүсийг заавал харьяалагддаг орон нутгийн хаягаараа сонгууль өгнө, эсвэл гадаадад ажиллаж байгаа хүмүүсийг зөвхөн элчин дээр очиж санал өгнө гэдэг ч юм уу барих явдал их. Иргэн бүр улс төрийн эрхээ эдлэх боломжийг өнөөдөр эрх баригчид бүх хуулиар боомилж байна.

Сүүлийн үед явуулж байгаа тархи угаалт нь АН, МАН адил. Гаргаж байгаа бодлого, шийдвэр ижил. Тэгэхээр мөнгө ч байхгүй, эв нэгдэл ч байхгүй намыг сонгосноос байр суурьтай, хэрүүл зодоонгүйгээр асуудлыг шийддэг нэг дарангуйлагч даргатай намыг сонгоод явсан нь дээр гэх.

Гэхдээ АН бол 30 гаруй жилийн хугацаанд динамик урсгалаар нийгэмд ардчилал тогтоохын төлөө хичээж ирсэн. Энэ нь хүмүүст нам хагарал, бутралтай мэт харагдаж байгаа ч бодит байдал дээр энэ бүхний эцэст ардчиллын жинхэнэ мөн чанар гарч ирж, ардчилсан үзэгдэл төлөвшиж байгаа. Тиймээс нэг намын хугацаагүй дарангуйллыг ноёрхуулахгүйн төлөө сонгуулиа иргэн бүр өгөх нь зүйтэй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 сар 30. 14:37Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 сар 30. 14:36Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 сар 30. 14:35О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 сар 30. 14:34Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 сар 30. 14:33Ой, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав4 сар 30. 13:32Цагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна4 сар 30. 13:31МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ4 сар 30. 13:30ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.