О.Батсүх: Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах үйл ажиллагааг түдгэлзүүлэх нь хүний эрх зөрчиж байна


4-р сарын 8
14 цаг 41 минут

Шүүхээс Н.Өнөрцэцэгийн сэтгүүлчээр ажиллах эрхийг хязгаарласантай холбогдуулан түүний өмгөөлөгч О.Батсүх өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна тэрбээр дараах мэдээллийг өгсөн юм. 



Өмгөөлөгч О.Батсүх хэлэхдээ "Өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт Нийслэлийн Прокурорын Газраас миний үйлчлүүлэгч Zarig.mn сайтын үүсгэн байгуулагч Н.Өнөрцэцэгийг тус сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх саналыг шүүхэд гаргасан.

Энэ саналын дагуу шүүх хэлэлцээд түүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байдаг. 

Өмгөөлөгчийн хувьд дээрх шийдвэртэй санал нийлэхгүй байгаа учраас хуульд заасны дагуу гурав дахь хоногт тус шүүхийн ерөнхий шүүгчид гомдол гаргалаа.

Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.14 дүгээр зүйлд төрийн албанд ажиллах тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг түдгэлзүүлэх, прокурорын саналыг харгалзан шүүхийн зөвшөөрлөөр авч болно гэж заасан боловч энэ нь заавал тодорхой үндэслэл тогтоогдсон байхыг шаарддаг.

Миний үйлчлүүлэгчийн тухайд төрийн албан хаагч биш. Ямар нэгэн байдлаар төрд эрх мэдэл, албан тушаал хашдаггүй.

2023 оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 2024 оны хоёрдугаар сарын 9-нийг хүртэл хоёр сар гаруй хугацаанд цагдан хоригдсон. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд гэрээсээ гарахыг нь хязгаарласан.

Энэ утгаараа сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх битгий хэл зорчих эрх нь хүртэл хязгаарлагдчихсан байгаа. Гэтэл шүүхээс прокурорын саналыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна" гэлээ. 

"Миний үйлчлүүлэгч зөвхөн фэйсбүүк орчинд өөрт төрж буй сэтгэгдлээ нийтэлсэн төдий"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үргэлжлүүлэн "Прокурорын зүгээс нийт хоёр санал гаргаж ирсэн.

  • Эхнийх нь Zarig.mn сайтын нэрийн өмнөөс эрхлэгчээр ажиллахыг нь түдгэлзүүлэх санал. Үүнийг шүүх хүлээж аваагүй. Яагаад гэвэл хувийн аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн албан тушаал эрхлэх үйл ажиллагаа нь Компанийн тухай хууль болон Иргэний хуульд зааснаар хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн эрх хэмжээний асуудал. Иргэний эрх зүйн хүрээнд хамаарах асуудал гэж үзээд иргэний шүүх шийдвэрлэдэг зарчимтай. Гэтэл эрүүгийн шүүхээр ийм шийдвэр гаргуулахаар санал гаргасныг шүүх хүлээж аваагүй.
  • Хоёр дахь нь сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлэх санал байсан. Ингэхдээ прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийн фэйсбүүк орчинд бичсэн пост, шэйр хийсэн мэдээллийг танилцуулсан. Гэвч прокурорын танилцуулж байгаа фэйсбүүк орчин дахь мэдээллүүд өөрийнх нь шалгаж байгаа хэрэгтэй хамааралгүй, энэ хэрэгт саад учруулаагүй. Зөвхөн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гарсан мэдээллүүдийг шэйрлэх, өөрт төрж буй сэтгэгдлээ нийтэлсэн төдий зүйл байсан.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын факт, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд тус тус зааснаар хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй.

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар энэ эрхийг онц бөгөөд дайны байдал зарласан үед зөвхөн хуулиар хязгаарлахыг хуульчилж өгсөн. Гэтэл ийм нөхцөл байдал үүсээгүй байхад миний үйлчлүүлэгчийн сэтгүүлчээр ажиллах үйл ажиллагааг нь түдгэлзүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил рүү чиглүүлж байна.

Гэрээсээ гарахгүй, сэтгүүлчээр ажиллах боломжгүй байгаа нөхцөлд нэг хүнд олон таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авч байгаа нь зохимжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа" хэмээв. 

"Гэрээсээ гарахгүй, сэтгүүлчээр ажиллах боломжгүй байхад заавал энэ арга хэмжээг авах шаардлагагүй байсан"

Мөн "2012 онд гарсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын хүний эрхийн тусгай илтгэл бий. Тэнд дурдсанаар нийгэмд өрнөж буй үйл явдал, мэдээ баримтыг сурвалжлах, баримтжуулах, эх сурвалжаас мэдээлэл цуглуулах, нийтлэхийг сэтгүүлчийн үйл ажиллагаа хэмээн үздэг.

Гэтэл миний үйлчлүүлэгчийн хувьд гэрээсээ гарахгүй байгаа энэ нөхцөлд угаасаа сэтгүүлчээр ажиллах боломжгүй байхад заавал энэ арга хэмжээг авах шаардлагагүй байсан. 

Шүүхээс гарч байгаа шийдвэрийн агуулга бол зөвхөн Н.Өнөрцэцэг гэдэг хүнд хамаарч байгаа мэт боловч цаашдаа хэвлэл мэдээллийн эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тавьсан, өөр олон сэтгүүлч нарын ажил мэргэжлээ эрхлэх эрхэд нь буруу жишиг тогтох эрсдэлтэй. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс гомдол гаргасан. Үүнийг шүүх хүлээж аваад шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хэргийн тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Яагаад гэвэл нууцад хамаарах буюу өмгөөлөгч болон миний үйлчлүүлэгчийн хувьд баталгаа гаргачихсан учраас ярьж болохгүй" гэдгийг өмгөөлөгч О.Батсүх нэмж хэллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 сар 30. 14:37Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 сар 30. 14:36Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 сар 30. 14:35О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 сар 30. 14:34Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 сар 30. 14:33Ой, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав4 сар 30. 13:32Цагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна4 сар 30. 13:31МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ4 сар 30. 13:30ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.