Үндэсний баялгийн санг оновчтой зохицуулалтаар удирдахгүй бол үр дүн гарахгүй болохыг анхааруулав


4-р сарын 4
20 цаг 27 минут

 УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаас Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг эхлүүлэв.

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл санаачлагчийн илтгэлдээ, Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хөгжлийн сан, Хуримтлалын сангаас бүрдэх бөгөөд Норвегийн баялгийн болон Сингапурын хуримтлалын сангийн жишгээр ажиллана. Тус сан хөрөнгийг арвижуулах, хөрөнгө оруулалт татах, ирээдүйн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана. Ирээдүйн өв сангийн хөрөнгө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс төсвийн тогтворжуулалтын болон бүс, орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилсны дараа үлдэх 65 хувиас бүрдэх бол Хуримтлалын сангийн хөрөнгө нь “Эрдэнэс Монгол”-ын эзэмшлийн стратегийн ордуудын 34 хувийн ашгаас, харин Хөгжлийн сангийн хөрөнгийг нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ашигтай гарсан тохиолдолд тухайн жилийн төсөвт тооцсоноос гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийн илүү гарсан хэсгээс бүрдэх төсвийн орлогын 50 хувиас бүрдүүлэхээр хуулийн төсөлд тусгасан.

 

Ирээдүйн өв сангийн хөрөнгийг олон улсын санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах замаар өсгөн арвижуулахаар, Хуримтлалын санг стратегийн ордуудын ашгаас Монгол банкан дахь иргэдийн нэрийн дансанд шууд төвлөрүүлж, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн зардалд зарцуулахаар тусгасан бол Хөгжлийн сангаас томоохон төслүүдийг санхүүжүүлдэг байхаар заажээ. Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжихэд стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд заавал нээлттэй хувьцаат компани байх, хувьцааныхаа 20-оос дээш хувийг аль нэг этгээд дангаар болон хамаарал бүхий этгээдийн хамтаар эзэмшихгүй байх, өв залгамжлал болон бэлэглэлээр шилжүүлсний орлогод 30 хувиар татвар ногдуулах зэрэг эрхзүйн орчин зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаагаа Ерөнхий сайд тэмдэглэв.

 

Нэн яаралтай горимоор өргөн мэдүүлсэн уг асуудлыг Эдийн засгийн байнгын хороо чуулганы өнөөдрийн хуралдааны өмнө хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хууль тогтоолын төслүүдийг дэмжиж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна. Ерөнхий сайдын илтгэл болон Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, О.Цогтгэрэл, Б.Жаргалмаа, Ц.Мөнхцэцэг, Ж.Батжаргал, Ж.Сүхбаатар асуулт асууж, хариулт авав. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, эдийн засгийн тэгш бус байдлыг засаж залруулахын тулд улс төр, эдийн засгийн томоохон реформ хийхэд энэ хуулийн зорилт ихээхэн чухал хэмээсэн. Үүний зэрэгцээ Үндэсний баялгийн сангуудын хөрөнгийн хуваарилалт, түүнд тавигдах шаардлага, түүнчлэн төсвийн зөв бодлого баримтлахгүй бол үр дүн гарахгүй гэдгийг олон улсын жишээ баримт дурдан анхааруулсан юм. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10 дахь жилдээ болно4 сар 30. 14:41"Тэнүүн Огоо" ХХК-ийн 75 тэрбумын хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэжээ4 сар 30. 14:40"ПОПРОЛТ"-ын гол сэдэв болоод тэгсхийгээд замхардаг Улаанбаатарын асуудлууд4 сар 30. 14:37Хаврын бүх нийтээр мод тарих өдрүүд тавдугаар сарыг дуустал үргэлжилнэ4 сар 30. 14:36Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ4 сар 30. 14:35О.Номинчимэг: 2022 онд 2,453 хүүхэд тоглоомын талбайд тоглох үедээ гэмтсэн. Стандарт хангах шаардлага хүргүүлнэ4 сар 30. 14:34Нам эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өгөв4 сар 30. 14:33Ой, хээрт сонор сэрэмжтэй явж, галын аюулгүй байдлаа хангахыг анхааруулав4 сар 30. 13:32Цагдаа бүлэглэж хүчингийн хэрэг үйлдсэн байж болзошгүй хэргийг шалгаж байна4 сар 30. 13:31МИАТ компани орон нутгийн нислэгээ 15 жилийн дараа дахин сэргээлээ4 сар 30. 13:30ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ ЗАРЛАГДЛАА4 сар 29. 15:57"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"4 сар 29. 12:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.