Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ


3-р сарын 28
17 цаг 48 минут

2021 онд Симферополийн ойролцоогоос олдсон VIII зууны үеийн курган буюу шороон овоолгон булшууд нь хазаар язгууртнуудынх болохыг Оросын ШУА-ийн Крым дэх Археологийн хүрээлэнгийн эрдэмтэд тогтоожээ. Энэ нь Крымийн хазаарууд гэж байсныг нотлох археологийн анхны нотолгоо мөн гэж эрдэмтэд үзэж байна. 

 

VIII зуунд хазаарууд Крымийн хойгт нүүдэллэн ирж амьдарч байсан бөгөөд тус хойгт нөлөөллөө тогтоохын төлөө Византын эзэнт гүрэнтэй тэмцэлдэж байсан гэж сурвалж бичгүүдэд өгүүлсэн байдаг. Гэсэн хэдий ч 2021 оныг хүртэл үүнийг нотлох археологийн ямар ч нотолгоо байгаагүй юм. Түүхчид, археологичид олон зууны турш хазааруудийг судалсан бөгөөд уг судалгаанд соёл иргэншлийн хөгжлийн тухай шинжлэх ухааны бүхэл бүтэн үзэл баримтлалыг бий болгосон эрдэмтэн Лев Гумилев маш идэвхтэй оролцсон билээ. 

 

“Бэхлэлт барьсан жижиг хотуудын туурь, мөн VII-VIII зууны эхэн үед хамаарах дор хаяж 100 гаруй суурингууд олдсон боловч эдгээр нь хазааруудынх биш, харин булгаруудынх байсан. Эдгээр булгарууд бол Хазаарын каганат буюу Хазаарын хаант улсын бүрэлдэхүүнд байсан хүмүүс бөгөөд тэд Кубрат хааны Их Болгар (Оногури) улстай хийсэн дайнд хазаарууд ялсны дараа Крымийн хойгт нүүж иржээ. Византийн нөлөөн дор тэд маш хурдан суурьшиж, Х зууны эхэн үе хүртэл Таврикад амьдарч байсан. Тэд гол мөрний эрэг дагуу, Керчийн хоолой, Тарханкут, Крымийн зүүн өмнөд хэсэгт амьдардаг байсан" гэж Оросын ШУА-ийн Крым дэх Археологийн хүрээлэнгийн захирал Вадим Майко ярилаа.

 

Харин 2021 онд тус хүрээлэнгийн ажилтнуудын Симферополийн ойролцоо хийсэн малтлага нь VIII зууны дунд үед булгарууд тосгод ба хотуудад амьдарч байх тэр үед хазаарууд, тэр дундаа язгууртан хазаарууд Крымийн тал, уулархаг нутгаар нүүдэллэн амьдарч байсныг харуулжээ. Булшнуудаас олдсон олон эд зүйл, оршуулгын зан үйлийн элементүүд нь Доод Дон ба Волга-Дон мөрний хоорондох газраас олдсон хазааруудын эртний эдлэлүүдтэй ижил төстэй байжээ. 

 

Симферополийн булш нь Алтай, Саяны бүс нутгаас олдсон түрэгүүдийн булшуудынхтай ижил төстэй байна. Тухайлбал, булшин дээрх шороон овоолгоны дор чулуун байгууламж байдаг гэх мэт. 

 

"Үүнээс өмнө Дундад зууны үед хамаарах Крымийн бүх булш нь хүрэл зэвсгийн үе эсвэл төмөр зэвсгийн эхэн үед баригдсан харьцангуй эртний курган буюу шороон овоолго дотроос олдож байсан. Харин энд анх удаа 40-44 м голчтой, дээд тал нь 2.7 м өндөртэй Дундад зууны үеийн курганыг малтлаа. Эдгээр шороон овоолгон булшуудыг тал тал тийшээ 30 м урт, 1.3 метр өндөр, төв оршуулга руу чиглэсэн хонгил бүхий тэгш өнцөгт хэлбэртэй чулуун байгууламжийн дээд талд байрлуулжээ. Ийм байгууламж Доод Дон ба Волга-Дон мөрний хоорондох хөндийгөөс олдсон хазааруудын булшинд байгаагүй, Монголоос олдсон Түрэгийн хаадын булшнуудад л байсан” гэж эрдэмтэн ярилаа.  

 

VIII зууны дунд үед Хазаарын язгууртнууд Крымийн тал нутгаар нүүдэллэн амьдарч, Салтово-Маяк гэж нэрлэгддэг археологийн дурсгалуудыг үлдээсэн нутгийн булгар ард түмэнтэй найрсаг харилцаатай байсныг судалгаа харуулжээ. 860-аад оны эцэс хүртэл тэд византуудтай ч мөн найрсаг харилцаатай байсан гэж Майко хэллээ. 

 

Үүний зэрэгцээ хазаарууд Византын эзэмшлийг Херсонесийн хэрмээс цааш өргөжүүлэхгүйн тулд Хазаар-Византийн хилийг хянаж байжээ.

 

Византын түүхчид энэ үеийг хазааруудын хувьд хамгийн эрчимтэй хөгжлийн үе гэж үздэг боловч археологийн судалгаагаар нотлогдоогүй юм. Өндөр дээд язгууртнууд нэлээд тооны цэргүүдийг дайчлан нүүдэллэдэг байсан тул энэ хилийг хянах нь Хазаарын хаант улсын хувьд маш чухал байсан гэж судлаачид үздэг.

 

"Хазарууд хаанаас ирсэн бэ гэдэг нь Дундад зуунд хамаарах түүх, археологийн хамгийн хэцүү асуулт юм. Энэ бол татар, монгол, славян болон бусад угсаатны гарал үүслийн асуудалтай ижил төвөгтэй асуудал мөн. Хазаар угсаатны бүлэг нь VII зууны туршид Ижил мөрний бүс нутаг, Донын бүс нутгаар нүүдэллэж байсан янз бүрийн түрэг угсаатны бүлгүүдээс, мөн Алтай, Саяны уугуул түррэг угсаатнуудаас бүрдсэн байх магадлалтай. Крымд  ирсэн хазааруудын хувьд хэдийнэ байгуулагдсан хаант улсын төлөөлөл байсан” гэж Майко онцлон ярилаа. 

 

Нүүдэлчин хазаар элитүүд VIII зууны дунд үед Крымд хэрхэн, юуны учир ирснийг эрдэмтэд хараахан тогтоогоогүй байна. Византын болон Арабын түүх судлаачид VIII зууны дунд үед Арабын Халифатын тэлэлттэй тэмцэхийн тулд Визант ба Хазаарын хооронд улс төрийн хүчирхэг холбоо байгуулж байсан гэж үздэг. Энэхүү холбоо нь Хазаар улсын хаан Вирхорын охин Чичак болон Византын эзэн хаан V Константин хоёрын гэрлэлтээр улам баталгаажжээ.

 

"Кавказ, Өвөр Кавказын төлөөх арабуудтай хийсэн дайнд Хазаарын хаант улс ялж, ялагдаж байсан нь уг хэлхээ холбоог бэхжүүлж эсвэл сулруулж байсан. Крымийн хувьд энэ нь тус хойгт хоёр улсын нөлөөллийн хүрээг хуваасан нэг төрлийн хилийн шугамыг бий болгосон байв. Хилийн байдал тогтворгүй байсан бөгөөд одоогийнх шиг хилийн заставууд байгаагүй нь ойлгомжтой. Гэхдээ хилийг хэрхэн хянаж байсныг бид удаан хугацааны туршид ойлгохгүй л байсан” гэж В.Майко ярилаа.

 

Симферополийн ойролцоох шороон овоолгон булшны малтлага нь Таврикийн түүхэнд хамгийн чухал хэд хэдэн асуудлыг тодруулахад ихээхэн чухал гэдгийг судлаачид онцолж байна. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.