Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны салбарт тулгуурлана


12-р сарын 2
15 цаг 43 минут

“Шинэ сэргэлтийн бодлого-Шинжлэх ухааны оролцоо” сэдвийн дор тус салбарын 500 гаруй эрдэмтэн, судлаачтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д шинжлэх ухаан, технологийн ажилтнуудын үүрэг оролцоог тодорхойлох хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Монгол Улсын хөгжил эрдэмтэн, судлаачдын үүрэг оролцоо, санаачилгаас шууд хамаарна гэдгийг Ерөнхий сайд онцлоод өнгөрсөн 30 жилийн хийгээд өнөөгийн нийгэм, эдийн засгийн бодит байдал, гадаад, дотоод хүчин зүйлс, хөгжлийн цаашдын зорилтуудыг танилцуулав.


 
Монгол Улс хэрэглээ, халамжийн эдийн засгаас үйлдвэрлэл, мэдлэгийн эдийн засагт шилжиж, эрэлт хэрэгцээ, эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнд суурилсан төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөгжлийн загварыг бий болгох шаардлагатай гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.
 
“Шинэ сэргэлтийн бодлого” нь УИХ-аас баталсан “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлогыг 2030 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улсын хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг шийдвэрлэх зорилготой цогц бодлого юм. Боомт, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон хөгжил, хот хөдөөгийн сэргэлт, төрийн бүтээмжийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд үндэсний шинжлэх ухааны байгууллагууд, эрдэмтэн судлаачдад тулгуурлаж, тэднийг идэвхтэй оролцуулна.


 
Монгол Улсын Засгийн газар ойрын 10 жилд эдийн засгийн хөгжлийг хурдасгах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх үндсэн хүчин зүйл нь шинжлэх ухаан, мэдээлэл технологи, инновацын салбар хэмээн онцгой ач холбогдол өгч, бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж ажиллана. Эрдэмтэн, судлаачдын шинэлэг инновац, ноу хау, эрдэм шинжилгээний бүтээлийг төр зүгээр авч ашиглахгүй, шаардлагатай бол худалдаж авдаг жишигт шилжинэ. Ялангуяа, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлэх 90 орчим томоохон төсөл, хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд нийцүүлж хэрэгжүүлнэ” гэлээ.
 
Мөн энэ удаагийн уулзалт, салбар хэлэлцүүлгүүдийн үр дүнд шинжлэх ухааны салбарт дутагдаж байгаа хууль, эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт татах боломж, оюуны өмчийг хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулах талаар нэгдсэн шийдэл гаргахыг Ерөнхий сайд тус салбарынхнаас хүсээд ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар эдгээрийг хэлэлцүүлэхээ илэрхийллээ. 


 
Шилдэг бүтээлд хоёр жил тутамд олгодог Үндэсний инновацын шагналыг энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар гардуулан өгөв. “Шилдэг инновацын бүтээгдэхүүн” төрөлд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Төвөөс зугатах хүчний шахуурга” бүтээлд олголоо. Тус бүтээл нь Mонгол инженерүүдийн олон жилийн инженерчлэлийн туршилт, судалгааны үр дүнд бий болсон бөгөөд баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр шатлалын бөмбөлөгт тээрмийн импортын шахуургуудыг бүрэн орлож,ашиглалтын хугацааг 2,7 дахин уртасган, үйлдвэрлэлийн зардлыг бууруулснаас гадна металл авалтын хэмжээг үлэмж нэмэгдүүлж 2021 онд 88 хувьд хүргэсэн бүтээл аж.  “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн “Зэв дижитал музей”  бүтээлийг шалгаруулжээ. Энэ бүтээл нь орчин үеийн дэвшилтэт технологи болох VR /virtual reality/, АR /augmented reality/ технологийг ашиглан Монголын түүх, соёл өв уламжлал, нүүдэлчдийн ахуй, амьдралыг сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд суурь болох  соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн юм. 
 
Өнөөдрийн байдлаар шинжлэх ухааны салбарын 71 байгууллагад 5085 эрдэмтэн, судлаач ажиллаж байна. 1993-2021 оны байдлаар эрдэмтэн, судлаачдын 4244 төсөлд төрөөс 178,6 тэрбум төгрөг зарцуулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 51 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 57 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 59 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 цагийн өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 цаг 3 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 цаг 5 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 цаг 6 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 цаг 7 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 цаг 8 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 цаг 10 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.