"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"


5-р сарын 1
16 цаг 02 минут

"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"

Монгол Улсын 2017-2023 оны Төсвийн тухай хуульд давхардсан тоогоор 7360 төсөл арга хэмжээ, барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөжээ. Энэ тоон мэдээллээс үзэхэд 2019 оноос 1000 гаруй төслийг  тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөдөг болсон гэдгийг судлаачид онцолсон юм. Эдгээрийн ихэнх нь буюу 70 гаруй хувийг барилга байгууламж эзэлдэг байна.

Жилээс жилд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төлөвлөсөн төсөл, барилга байгууламжийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд 2017 онд 373 төсөл баталж байсан бол 2023 онд 1140 болж өссөн байх жишээтэй.

Энэ талаар хийсэн судалгааг "Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төв" төрийн бус байгууллагаас хийжээ. Судалгааны дүнг судлаач С.Баттулга өнөөдөр /2024.05.01/ "Нээлттэй нийгэм форум"-д зохион байгуулсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа.

"ХАМГИЙН ӨНДӨР ТӨСӨВТЭЙ ТӨСЛҮҮДЭЭС ХОВД, ГОВЬ-АЛТАЙ, ЗАВХАН, ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХЭРЭГЖИНЭ"

Улсын 2024 оны төсвийн төсөлд тусгаагүй боловч УИХ-аас нэмж баталсан хөрөнгө оруулалтын төслүүдийн судалгаа хийсэн талаар судлаач Д.Баярмаа ярихдаа "Засгийн газраас 2023 оны есдүгээр сард өргөн мэдүүлсэн 2024 оны улсын төсвийн төслийг УИХ хэлэлцэх явцдаа хөрөнгө оруулалтын 209 төслийг шинээр хэрэгжүүлэхээр нэмж баталсан. Эдгээр төсөлд нийт 235.1 тэрбум төгрөгийг олгохоор тусгасан. Тодруулбал, 162 нь аймагт, 44 нь нийслэлд, гурав нь улсын хэмжээнд хэрэгжих юм. Төсөл арга хэмжээг ангилбал, 113 барилга байгууламж, 89 тоног төхөөрөмж, дөрвөн их засвар байна. Төслийн ерөнхийлөн захирагчид нь Боловсрол, шинжлэх ухааны сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд нарын хамгийн олон төсөл арга хэмжээг нэмж баталсан байна.

Тэр дундаа хамгийн олон төсөл нэмж батлагдсан аймгуудаас нэрлэвэл, Ховд, Завхан, Төв, Баян-Өлгий, Хөвсгөл, Сүхбаатар аймаг байгаа бол санхүүжилтын хэмжээгээр нь авч үзвэл, Ховд, Сүхбаатар, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Хөвсгөл аймгууд байна.

Аймгуудад шинээр батлагдсан хамгийн өндөр төсөвтэй төслүүдээс Ховд, Говь-Алтай, Завхан, Дархан-Уул аймгуудад хэрэгжих хатуу хучилттай авто замын төсөл байна. Мөн Ховд аймагт хэрэгжих оюутны дотуур байрны төсөл, Дархан-Уул аймагт хэрэгжих Анагаахын шинжлэх ухааны салбар сургуулийн өргөтгөлийн барилгын төсөл болон Сүхбаатар, Дундговьд хэрэгжих сургуулийн төсөл байгаа юм. Эдгээр бүтээн байгуулалт нь Төсвийн тухай хуулийн шаардлагыг хангаагүй бөгөөд 2024 оны санхүүжилтын дүн нь төсөвт өртгийн зохих хэмжээнээс хамаагүй доогуур хувиар батлагдсан. Энэ асуудлыг сайтар анхаарах шаардлагатай. Харин нийслэлд хэрэгжих 44 төсөл арга хэмжээг задалбал, Баянзүрх дүүрэгт 10, Сонгинохайрханд найм, Баянголд зургаа, Сүхбаатар дүүрэгт тав, Хан-Уулд дөрөв, Чингэлтэйд гурав, Багануурт хоёр, Багахангай, Налайхад нэг нэг төсөл хэрэгжүүлэхээр баталсан.

"ТӨСВӨӨС ХАСАГДСАН ТӨСЛИЙН ИХЭНХ НЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГУУД"

Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд туссан хөрөнгө оруулалтын шилжих төслүүдийн дүн шинжилгээний талаар судлаач Т.Тамир танилцуулсан юм. Тэрбээр "Энэ оны Төсвийн тухай хууль батлагдсан байна. Улсын төсөвт нийт 505 төсөл тусгасан боловч Төсвийн тухай хуульдаа 63 төсөл нэмж, есөн төсөл хасагдсан байна. Яагаад Төсвийн төсөлд батлагдаагүй төсөл орж ирж байгаа вэ гэдэг асуудал гарч ирнэ.

Хоёрдугаарт, төсвөөс хасагдсан төслүүдийн ихэнх нь эрүүл мэндийн салбарын эмнэлгийн барилгууд байгаа юм. Энэ оны төсөвт шинэ төслүүд нь хасагдаж, 2011 онд эхэлж, царцсан барилгуудыг тусгасан байх жишээтэй. Мөн анхны төсөвт өртгөөсөө өндөр дүнгээр өссөн төслүүд эзэлж байна.

Өөрөөр хэлбэл, нэг аймагт хоорондоо 500 метрийн зайтай газарт адилхан хүчин чадалтай барилга барихдаа нэг нь 60 тэрбум, нөгөөх нь 40 тэрбум төгрөг гэх мэт зөрүүтэй өртгөөр төсөвт тусгасан байх жишээтэй.  Энэ оны төсөвт тусгасан бүтээн байгуулалтын ихэнх нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын ерөнхийлөн захирах сургууль, цэцэрлэгийн барилга эзэлж буй. Ижил нөхцөлтэй мөртлөө анхны төсвөөсөө ялгаатай дүнгээрээ өссөн дүнтэй төсөв баталж байгаа учраас төрийн байгууллагуудад алдаа дутагдал гаргаж байна уу гэж харж байна. Цаашид энэ асуудлыг анхаарах шаардлагатай.

"УЛСЫН ТӨСӨВ ХҮҮГҮЙ УЧРААС ИХ МӨНГӨ ЗАРЖ, ОЛОН ХҮН АЖИЛЛУУЛААД ЭНЭ АЖЛЫГ ХИЙДЭГ"

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Н.Энхбаяр:

-Тухайн салбарын хувьд бүтээн байгуулалтын асуудал микро түвшний асуудал. Тэр асуудал нь шийдэгдсэний дараа улсын төсвөөр санхүүжүүлэх үү гэдгийг Засгийн газар шийдэж, макро эдийн засгийн асуудал болно. Өнгөрсөн 2016 оноос хойш хөрөнгө оруулалтын журам гурав дахь удаагаа өөрчлөгдсөн. 2016 онд Сангийн сайдын 415 дугаар тушаалаар анх энэ журам мөрдөгдөж байсан бол сүүлд төсвийн ерөнхийлөн захирагчийн асуудлыг зохицуулж байсан учраас түвшинг нь дээшлүүлж, Засгийн газрын тогтоолоор зохицуулахаар болсон. Энэ дагуу 2021 онд Засгийн газрын 160 тогтоолоор өнөөдрийн мөрдөж байгаа журмыг баталсан. Сүүлд 2023 оны долдугаар сарын 19-нд энэ журмыг дахин шинэчилж, 278 дугаар тогтоол гаргаснаас хойш нэг жил болж байна. Энэ тогтоолоор зохицуулж, салбар яамд ямар үүрэгтэй, хэн хяналт тавих вэ гэдгийг тусгасан байгаа нь сайн хэрэг боловч процесс дунд алдаа, зөрчил гарвал хэрхэн зохицуулах вэ гэдэг нь алга байна. Төсвийн явцад хяналт тавьж, алдаа гарахад яах вэ гэдгийг журамд тусгаагүй. Дэлхийн бусад орны жишээнд энэ бол менежментийн асуудал байдаг. Улсын салбарын санхүүгийн менежмент гэж ярьдаг. Энэ бол тусгайлсан нарийн шинжлэх ухаан. Бид үүнийг маш сайн мөрдөх ёстой.

Төрийн захиргааны нэгж, салбарынхан төслийн менежментийг сайтар ойлгох хэрэгтэй. Нэг салбарт 10 тэрбумаар хөрөнгө оруулалт хийлээ гэхэд энэ сонголтыг төсвийн ерөнхийлөн захирагч хийдэг. Өмнөх жилүүдийн төсөв дээр суурилж улам нэмээд явах ёсгүй. Өнгөрсөн жил найман сургууль барьсан бол энэ жил аравыг барина гэж болохгүй.

Төсвийн байгууллагуудын хандлага том зорилт тавьж, тэндээ хүрэхийн тулд огт менежментгүй явж болохгүй. Энэ бол хамгийн үрэлгэн арга барил. Улсын төсөв хүүгүй учраас их мөнгө зарж, олон хүн ажиллуулаад энэ ажлыг хийе гэдэг. Гэтэл Монгол Улс далайд гарцгүй, уул уурхайн түүхий эдээс эдийн засгийн өндөр хамааралтай улс. Өнгөрсөн жилүүдэд маш олон удаагийн эдийн засгийн мөчлөгүүдэд орсон. Бид зарж байгаа мөнгөө маш оновчтой зарцуулах нь чухал. Төсвийн хөрөнгө оруулалтыг ач холбогдлын дарааллаар эрэмбэлэх шаардлагатай. Энийг 20 жилийн өмнө Дэлхийн банк Монголын Засгийн газарт хэлж байсан. Энэ чиглэлээр төсөл хэрэгжүүлсэн бол олон жил царцсан бүтээн байгуулалтуудын асуудал гарахгүй байсан. Энэ асуудал хариуцсан хүмүүсээ дахин сайн сургаж, бэлтгэх шаардлагатай. Зүгээр нэг мөнгө зарцуулж байгаа асуудал биш" гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана5 сар 15. 16:01М.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя5 сар 15. 16:00"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"5 сар 15. 15:59“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ5 сар 15. 15:54Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ5 сар 15. 15:53Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав5 сар 15. 15:52Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ5 сар 15. 15:51“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно5 сар 15. 15:50Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.