"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"


4-р сарын 25
13 цаг 56 минут

Цагдаагийн байгууллагаас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө. Уг мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд өгч буйг тодотголоо.

ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь “Ачит Ихт” компанитай балансын бус хүдрийг ашигласны төлбөрт тус компанийн 34%-ийг эзэмшихээр гэрээг 2013 оны долоодугаар сарын 17-нд байгуулсан байдаг. 

Улмаар 2015 оны зургаадугаар сарын 26-нд дээрх гэрээнд өөрчлөлт орж, “Ачит Ихт” компанид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 34%-ийг бүрэн шилжүүлжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Ачит Ихт” компани 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг шалгахад "Степпкупер", "Цаглавар" гэж хоёр компани байдаг.

"Степпкупер" компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. 24.5%-ийг Монгол Улсын иргэн Эрдэнэцэцэг, 25.5%-ийг түүний нөхөр П.Цагаан гэж хүн, 24.5%, 25.5%-ийг хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуундарь нар эзэмшдэг байна.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг эзэмшдэг "Цаглавар" гэж компани эзэмшдэг, тус компани 2016 онд байгуулагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирлаар Монгол Улсын иргэн Өлзийжаргал гэж хүн ажилладаг. "Цаглавар" компанийн эзэмшлийг шалгахад "Степпкупер" компанийн 24.5%-ийг эзэмшигч иргэн Эрдэнэцэцэг 100% эзэмшдэг нь УБЕГ-ын мэдээллээр тогтдог.

"Цаглавар" компанийн гүйцэтгэх захирал Өлзийжаргал нь "Степпкупер" компанийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг схемтэй. “Ачит Ихт” компанийг бүхэлдээ П.Цагаан болон түүний эхнэр Эрдэнэцэцэг, гэр бүлийн гишүүд эзэмшдэг мэдээлэл байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Эдгээр мэдээллийг УБЕГ-ын Open Data-гаас харж болно.

“Ачит Ихт” компанийн 22%-ийг эзэмшдэг "Цаглавар" компани 2016 онд уул, уурхайн зөвлөгөө өгөх чиглэлээр байгуулагдсан. Тус ААН нь “Ачит Ихт” компанийн 22%-ийн ногдол ашиг авахаас өөр төрлийн үйл ажиллагаа явуулаагүй байгаа юм. 

"Цаглавар" компанийн арилжааны банкны топ дансанд 13.6 сая ам.доллар орсон болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоод байгаа.

“Ачит Ихт” компани 2014-2021 онд нийт 53,370 тонн зэс буюу тухайн үеийн ханшаар 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй "Noble resources" гэж компанид, 2018-2023 онд 41,527 тонн зэсийг тухайн үеийн ханшаар 960 орчим тэрбум төгрөгөөр Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид худалдан борлуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид худалдан борлуулахдаа 2018-2023 онд 41,527 тонн зэсийг нэг тонн тутамд 330-350 орчим ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх нууц гэрээг байгуулж, тус компанид 14.5 сая ам.долларын хөнгөлөлтийг эдлүүлсэн болох нь мэдээллээс харагдаж байна.

"Fortune I-Trade PTE" компанийн бүртгэлийг шалгахад Даяндоржийн Жаргалсайхан гүйцэтгэх захиралтай, Даяндоржийн Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй байна. Даяндоржийн Эрдэнэцэцэг нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниудын хооронд байгуулсан гэрээгээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. 

"Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдон шалгагдаж байна

Дээрх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар авагдсан баримтын талаарх мэдээллийг танилцуулъя гээд Монгол Улсын ерөнхийлөгч буюу төрийн өндөр албан тушаал хашиж байсан Ц.Элбэгдорж, “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч, төрийн өндөр албан тушаал хашиж байсан П.Цагаан нарын хоорондоо харилцаж байсан мэссэж чатыг дэлгэц дээр харуулав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дараагийн баримт: Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж нь 2019 оны есдүгээр сарын 10-нд арилжааны банканд долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулсан байдаг. Хугацаатай хадгаламжийн болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлж, тухайн өдөртөө гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд дээрх хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааны явцыг танилцууллаа" гэж ярилаа.

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана5 сар 15. 16:01М.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя5 сар 15. 16:00"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"5 сар 15. 15:59“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ5 сар 15. 15:54Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ5 сар 15. 15:53Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав5 сар 15. 15:52Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ5 сар 15. 15:51“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно5 сар 15. 15:50Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.