Гэртээ орж ирэхэд нүд халтирам дүр зураг угтсан


4-р сарын 11
12 цаг 40 минут

Галд шатсан хөнжил, гудасны тасархай, өрөөсөн гутал, таавчиг, аяга, таваг үнсэн нурман дунд харагдана. Цахилгаан зуух, хөргөгч, телевизээс зөвхөн төмөр л үлдэж. Энд тэндгүй шил хагарч, битүү үнс тоосонд дарагдсан энэ айл бол Баянзүрх дүүрэгт байрлах 207 дугаар байрны найман давхрын 34 тоот.

Гурван өрөө байр нь бүхэлдээ галд өртөж, орон гэргүй болсон учраас гэрийн эзэд нь өнгөрсөн гурван сарын хугацаанд түрээсийн байранд амьдарч байна.

Үнс тортогтой, хар бараан дүр зурагтай өрөөний шалан дээр хүүхдийн үлгэрийн номны шатсан өнгөт хуудас тодоос тод нүдэнд тусна. Оршин суугч Д.Нарангаравын хоёр хүүхэд нь сургуульд, нэг нь цэцэрлэгт явдаг.

Хүүхдүүд нь “Ээжээ манайх хэзээ шинэ гэртээ орох юм бэ” гэж үе үе асуудаг гэнэ.

Тэрбээр "Хүүхдүүдийнхээ энэ асуултад ямар ч хариулт өгч чадахгүй гурван сар өнгөрлөө. Одоо хэр удаан ийм байдалтай, түрээсийн байранд амьдрахаа ч хэлж мэдэхгүй байна" гэдгийг учирлаж байв.

Д.Нарангарав "Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны машин осолдож, маш том дэлбэрэлт болсон. Анхандаа өвөл байсан учраас салют буудаж байна л гэж бодсон. Гэтэл гал орон сууц руу дүрэлзэж, манай унтлагын өрөөний залгуурын хэсгээр утаа орж ирсэн. Тухайн үед нөхөр бид хоёр хүүхдүүдээ сэрээгээд, гадуур хувцсыг нь өмсүүлээд гарсан.

Гадаа гараад хүн гэрийнхээ цонхыг л хардаг юм билээ.

Гэтэл манай зүүн талын жигүүр бүхэлдээ галд автаж, шатсан. Тэрхэн үедээ байрнаасаа яаж гарснаа ч санадаггүй юм. Бүгдээрээ тэр том аюулаас эсэн мэнд гарч чадсанаа зол гэж бодож зогссон" гэв. Тус байрны 63 айлаас 10 орчим нь бүрэн галд өртөж, өмссөн хувцастайгаа үлдсэн айлын нэг нь эднийх.

 

Галыг бүрэн унтрааж дууссаны дараа буюу маргааш нь гэртээ орж ирэхэд нүд халтирам дүр зураг угтсан тухай ярьсан юм. "Манайх энэ байрыг анх ашиглалтад ороход нь 2017 онд худалдаж авсан. Тухайн үедээ шинэ байр худалдаж авахаар мөнгө төгрөгөө цуглуулж, хөдөлмөрлөж байж худалдаж авсан орон гэр нь хэдхэн цагийн дотор үнс болохыг харах хэцүү байсан. Галыг унтраасны дараа гэртээ орж ирэхэд халуун цогон дээр ус асгахад уур савсдаг шиг энд тэндгүй утаатай уугисан байдалтай аймар дүр зураг угтсан" хэмээн Д.Нарангарав нүдэндээ нулимстай өгүүлэв.

Эхний дүгнэлтээр орон сууцны барилга газар хөдлөлтөд тэсвэргүй гэж гарсан. Тиймээс оршин суугчдын зүгээс орон сууцыг нураах эсвэл засварлах уу гэдэг эцсийн дүгнэлтийг хүлээж байгаа юм.

"ЯМАР НЭГ ДААТГАЛГҮЙ ХЭД ХЭДЭН АЙЛ БИЙ"

Д.Нарангаравынх хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийг бараадан ойрхон түрээсийн байранд амьдарч байгаа аж. Түрээсийн байранд амьдрахад өмсөх хувцас, аяга тавагнаас эхлээд бүхий л юм хэрэг болж байгааг хэлж байлаа.

Тэрбээр "Гаднаас харж байгаа хүмүүс байрны пасад шатаж, цонх нь хагарсан гэж бодож байгаа байх. Гэтэл дотор нь бүхэл бүтэн айлын бий болгосон эд хөрөнгө, орон гэр шатаад юу ч үгүй болчихсон. Манайх байрны зээлгүй, ямар нэгэн даатгал хийлгээгүй байсан. Даатгалгүй айлууд хэд хэд байгаа.

Ер нь "Дашваанжил" ХХК болон ЗТХЯ-нд гомдолтой байна.

Стандартгүй замаар том машин явж, тэр машин нь хамгаалалтын хэрэгсэлгүй гээд бүхий л юм хайхрамжгүй байна. Одоо хүртэл шөнө бүтэн нойртой хонож чадахгүй, сэтгэл зүйн хувьд айдас түгшүүр арилахгүй байна. Бид нэг өдөр ч тайван байж чадахгүй байна. Ийм аймар ослыг нүдээрээ үзчихсэн байхад төр засгийн ажил маш удаашралтай байна" гэдгийг хэлсэн юм.

"ДАМ НУРУУНД АН ЦАВ ГАРСАН, НОРМ ДҮРМИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ҮЗҮҮЛЭЛТ ГАРСАН"

Барилга хот байгуулалтын яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Жаргал барилгын урьдчилсан дүгнэлтийг танилцуулахдаа "Галд өртсөн 207 дугаар байрны 63 айлын орон сууцны техникийн давхар, дам нуруу, багана, хучилт, хэв гажилтын хэмжилтийн дээж авсан. Үндсэн галд өртсөн энэ барилга 12 давхар байгаа. Төмөр бетонон карказан хийцтэй, 2017 онд ашиглалтад хүлээж авсан. Орон сууцны гадна талын фасадны 75 хувь буюу баруун хойд булан, зүүн тал бүхэлдээ, урд тал хэсэгчлэн галд өртсөн. Галд 10 айлын сууц бүхэлдээ, 45 айл хэсэгчлэн, найман айл огт өртөөгүй байна.

Тооцоо судалгааны дүнгээр, барилгын багана, дам нуруунд үүссэн ан цав, өргөний хэмжээ барилгын норм дүрмээс тав дахин их буюу газар хөдлөлт болон бат бэх найдваржилтын түвшинг хангахгүй байна.

Мөн барилгын баруун талын голын баганын орой руу тоосгоны шилжилт үүссэн. Үүнтэй холбоотойгоор дам нуруунд ан цав гарах гэмтэл гарсан. Норм дүрмийн шаардлага хангахгүй үзүүлэлт гарсан" гэж мэдээлсэн байдаг.

Оршин суугчдын зүгээс хурдан гэр оронтой болгож өгөөч гэдэг хүсэлтийг тавьж байгаа юм. Төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь тодорхойгүй, ажил нь удаан, бүрхэг байгаад бухимдаж байгаагаа хэлсэн юм.

Гэрэл зургийг Ч.Дарханбаяр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав3 цаг 46 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна3 цаг 51 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ3 цаг 51 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ3 цаг 52 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна3 цаг 54 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ3 цаг 54 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ4 цаг 32 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.