Чинагийн Галсан: Герман хэлийг 62 жил сурч байна, насаа отголтол суралцсаар байх болно


2-р сарын 6
16 цаг 26 минут

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсан 37 номоо герман хэлээр бичиж, уншигчдадаа хүргэсэн байна.  

Тэрбээр 1944 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд малчин ард Чинагийн хөвүүн болон төрсөн. Герман улсын Хүмболтын их сургуулийг улаан дипломтой төгссөн түүний анхны зохиол нь "Тува туужууд" нэрээр 1981 онд герман хэлээр хэвлэгдсэн. Хожим нь "Аянгат цагийн тууж", "Арван сарын тэнгэр дор" туужууд, "Алаг хорвоогийн гэрэл, сүүдэр" аян замын тэмдэглэл, "Эр хар сур" номууд нь монгол хэлээр, бусад 37 номоо герман хэлээр бичиж, уншигчдад хүргэжээ. 

  

Германд очсон анхны өдөр

-Герман улсад очсон анхны өдөр их дурсамжтай байдаг болов уу?

-Германд очсоны анхны өдрөө маш их шантарсан. Маш их айсан, маш их ичсэн. Юу гэвэл, бидний 10 хүүхэд Германд суралцахаар очиж байгаа юм л даа. Ес нь Улаанбаатар хотын орос сургуулийн нэг ангийн хүүхдүүд. Бид Элчин сайдын яаманд буугаад Берлиний буудалд очдог юм байна. Нөгөө хүүхдүүд герман хэлийг 6 жил үзчихсэн байв. Би герман хэл байтугай цагаан толгойг нь ч үзээгүй байдаг, одоо яана даа гэж бодож суутал хамт очсон нэг охин хэлж байна, “Бид ч яах вэ энэ хэлийг бараг мэднэ. Зүгээр зүгшрүүлэх л хэрэгтэй байна. Бас орос хэлтэй. Дээрээс нь бид соёлтой. Харин энэ нэг хүүхэд латин цагаан толгой ч байхгүй, нүүрээ угааж чадахгүй хүүхэд байна. Манай дарга нар ийм бодлогогүй юм хийж байна даа гэлээ.

Би бүр ичээд, нүүр хагарахаа шахсан. 1962 оны 8 дугаар сарын 29-ний өдөр болж байгаа үйл явдал л даа. Энэ явдал надад их хэрэг болсон. Тэр үг миний зүрхээр ороод, монгол хүний цусанд байдаг малчин маягийн удаан, хэнэггүй занг мулт цохиод хаячихсан даа.

Тэр шөнөө айсан амьтан унтаж чадсангүй. Шөнө 4 цагийн үед босоод, Монгол-Герман хэлний толь гаргаж ирээд цагаан толгойн үсгээ сурч эхэлж байгаа юм. Тэр шөнө, маргааш шөнө, дараа дараагийн шөнө... Түүнээс хойш 18 мянган өдөр, шөнө өнгөрч. Энэ бүгдэд би шөнийн 4 цагт босож ажиллаж хэвшив.

Сурч мэдүүлэхийн тулд хүн болгоныг доргиож чадвал сурдаг л юм билээ. Онож хэлсэн ганц үг байраа олбол маш  их эрч хүчийг өгдөг гэдгийг би тэр үед л мэдэрсэн дээ. Тэр охин бол намайг доромжлоогүй харин, миний төлөө санаа нь зовж хэлсэн ганц үг нь л намайг ирлэж өгчээ гэж боддог. Одоо ч би тэр охинд баярлаж явдаг. 

-Герман хэлийг сурахад бэрхшээл хэр тулгарав. Зохиол бүтээлээ энэ хэлээр туурвитлаа сурсан юм болохоор их цаг хугацааг зориулсан уу?

-Би 1962 онд анх герман хэлтэй нүүр тулж тасралтгүйгээр 62 жил суралцаж ирсэн. Үүнээс ч хойш насаа отголтол суралцсаар л байх болно. Герман хэл бол их хэцүү. Монголоос шал өөр статустай ер нь бэрх л дээ.

Ерөнхийдөө герман хэлийг үгээр сураагүй, бараг өгүүлбэрээр сонсдог, сонссоноо тогтоочихдог мартана гэдэг ойлголт  огт байхгүй, тэгээд маш уйгагүй хөдөлмөрлөж, зүтгэж байгаад л ард нь гардаг байлаа.

Өөртөө их том зорилго тавина. Тэр зорилго нь  хүнтэй нэг учраа олоод хаанаас ирснээ, юу хийх гэж байгаагаа хэлчихдэг, юу хэрэгтэйгээ асуучихдаг болох юм сан. Энэ герман нөхөр шиг чөлөөтэй сайхан ярьж сурах юм сан гээд хичээнэ. Гаднаас сурсан хүн чинь хичээгээд хичээгээд яг тэдэн шиг аялгуутай бол хэзээ ч сурч чадахгүй л дээ.  

"Герман хэлийг гурван үгээр баяжуулна" гэж амлаад их айж билээ

-Таны оюутан цагийн дурсамж, сургуулиа хэрхэн төгссөн бэ? -Эхлээд хэлний институт орж хичээж зүтгэж хөдөлмөрлөж байсан минь багш нарын нүдэнд маш хурдан өртдөг юм байна. Тэгээд гурван сар болоход анхныхаа шагналыг авсан. Өвлийн амралт, зулын 25-ны баяр гэдгээр бүх оюутан амраад явахад намайг институтуудын зардлаар хоёр долоо хоног Хүдэрийн уул хэмээх их гоё ууланд амраасан. Түүндээ урамшаад зүтгэсээр байгаад өндөр авчихаар чинь хурдатгалд орчихдог юм байна билээ. Тэгээд л их сургуульд очиход үлгэр жишээ оюутан болоод дээшээ л яваад байсан. Ингэж л мөрөөдөл, зүтгэл дүүрэн явсаар зургаан жил болоод их сургуулиа улаан дипломтой төгсөж, 1968 оны 7 дугаар сарын 13-нд Лайпциг хотын захиргааны ёслолын зааланд диплом гардуулах хурал болсон. Тэр жил Герман болон гадаадын бүх оюутныг төлөөлөн намайг 15 минутаас хэтрэхгүй  үг хэлэх даалгавар өгсөн. Би тэр үгээ бүр шөнөжин сууж бодож байгаад хэлсэн юм.

“Та бүхэнд их баярлалаа. Би Германыг хэзээ ч мартахгүй. Би тийм тийм зохиолыг орчуулна. И.В.Гётегийн "Фауст"-ыг германаас монголоор орчуулж гаргана. Л.В.Бетховены 9 дүгээр симфонийг монгол айл болгоны босгоор алхуулна, Антон Дюрерийн туулайг монгол хүүхэд болгоны найз нөхөр болгоно. Тэгээд би "Герман хэлийг гурван үгээр баяжуулна", баяжуулсан цагтаа та бүхний ачийг хариулжээ гэж бодно, түүнээс нааш тайвшрахгүй ээ"

 гэсэн чинь нижигнэтэл алга ташаад л байв. Сүүлд бодоход бүр айх шиг болсон. Би одоо герман хэлийг баяжуулах гэж юу байх вэ, Германы мундаг мундаг зохиолчид чинь нэг ч үг нэмж чадаагүй л явсан байгаа шүү дээ.  

 Аделберт фон Шамиссогийн шагналыг авсан анхны Ази хүн болов

-Аделберт фон Шамиссогийн шагналыг та хүртсэн. Хэлсэн үгэндээ хүрч, тийм үү. Герман хэлийг хэрхэн баяжуулсан гэж үнэлэгдсэн бэ?

-2001 онд тэр амлалтаа өгснөөс хойш 33 жилийн дараа биелж, герман хэлээр зохиолоо бичиж дэлхийн утга зохиолын санд хувь нэмрээ оруулсан гадаадын зохиолчид олгодог Аделберт фон Шамиссогийн шагналыг Ази тивээс анх хүртэж байлаа.

Германы Кёльн хотын захиргааны ёслолын танхимд Хаямида Фандудоровын шагналыг герман хэлийг сайжруулсан үг үндэслэлийг минь тоочин хэлээд гардуулж байв. Нээрээ л Германы уран зохиолд биш герман хэлэнд тус дэмжлэг болж байгаа юм байна гэж бодогдоод явчихдаг юм билээ. Өөрийгөө үнэлж буй нь тэр шүү дээ.

Хаямида Фандудор гэдэг хүн тэр үеэс 100 жилийн өмнө амьдарч байсан алдартай Австрийн зохиолч, хэлний мастер байжээ. Герман хэлийг сайжруулсан хүнд өгдөг тийм шагнал шүү дээ. Тэр шагнал дээр юу байсан гэж бодож байна? Гучин мянган дойч марк. Би гучин мянган дойч марк байтугай гучин дойч маркийн ч бараа хараагүй л явсан. Монгол мөнгөөр бол маш их мөнгө байхгүй юу. Ингээд шууд саятан боллоо.

Хамгийн эхлээд миний авсан шагнал бол нөгөө Аделберт фон Шамиссогийн шагнал гэхэд чинь 10 мянган ам. доллартай ирсэн.

1971 онд герман хэлээр гарсан "Тува туужууд" буюу "Аянгат цагийн дууль" киноны зохиол 1986 онд монгол хэлээр гарсан байдаг.

Түүнийг Өрнөдийн уншигчид Германы Эрвин Штриттматер, Дагестаны Расул Гамзатов, Киргизийн Чингиз Айтмотав тэргүүт их зохиолчидтой эн тэнцүү хүлээн авч, үнэлдэг юм билээ.

 Герман хэлээр 37 ном бичжээ

-Та номоо шууд герман хэлээр бичиж байна уу, монгол эсвэл тува хэлээр бичээд, орчуулж байв уу?

-Би 42 уран зохиолын ном гаргаад байна. Герман хэлээр 37 ном бичиж хэвлүүлсэн. Миний мэдэж байгаагаар, дэлхийн 18 хэлээр номуудыг маань хэвлэчихсэн байна. Арван найм дахь нь “Чингис хааны есөн зүүд” гэдэг роман. Одоо Иранд перс хэлээр хэвлэгдээд ес хонож байна. Орчуулсан залуу Ювер Мейлер, "Таны ном Ираны номын сангуудаар гараад 3 хонож байна" гэж ярьсан. За тэгээд, Япон, Солонгос, Хятад, Израил Испани, Дани улсад хэвлэгдсэн байгаа. Энэ 37 номыг анхнаасаа герман хэлээр бичсэн. 

Олон зүйлийг таниулсан тува тууж их 

-"Аянгат цагийн тууж" эхлээд тува тууж нэртэй байсан. Уншигчид хэр хүлээж авсан бэ, хэдэн хэлээр хэдэн удаа хэвлэгдэв?

-"Аянгат цагийн тууж" анх герман хэлээр гарч байсан. Уг нь тува тууж. Одоо монголоор орчуулагдсан.  Энэ тууж минь олон хэлээр гарлаа даа. Хориод хэлээр гарсан. Монгол хэлээр гарсан хоёр дахь хэвлэл нь дуусчихсан. Анхны хэвлэл нь тэр дороо дууссан байсан. Ингээд гарахгүй уншигчид олон жил энэ номоор цангаад, намайг шахамдуулаад байхаар, бор хүү минь энэ номыг минь дахиж хэвлэж өгсөнд өвгөн би магнай хагартлаа баярлана гэгч болж байна аа. Энэ номыг уншсан бүх хүнд би "Насыг минь аваарай, сэтгэлийг минь аваарай, буяныг минь аваарай, жаргалыг минь аваарай... Зовлонг минь битгий аваарай" гэж ерөөнө дөө.

Тува тууж Ч.Галсан гуайн анхны ном, Герман хэлээр бичиж хэвлүүлсэн анхны ном, монгол хэлээр  хэвлүүлсэн бас л анхны ном нь, дэлхийн 20-иод хэлээр хамгийн олон хэвлэгдсэн ном юм. 

Аньсага чийгтүүлэх гайхалтай зохиол болжээ. Бодит явдлаас сэдэвлэсэн болоод ч тэр үү цаг төрийн үнэн байдлыг тусгасандаа ч тэр үү "амьд санагдлаа". Жанибек гэж хүний ганц хүү Баянак цэргийн албанд очоод халагдах дөхсөн баярт мөч ойртсон цагт цэргээс оргож нутгаа тэмүүлнэ. Олон өдөр сараар нутаг руугаа л амь тэмцэн очиж нутгийнхаа бараа, хүн зоныхоо байдлыг харах гэж очих залуу. Сэтгэл цагаан Баянак гэнэн алдааныхаа төлөөсөнд хүйтэн суманд өртөн нас нөгчсөн сэтгэл эмзэглэм бодит түүхийг Чинагийн Галсан гуай герман хэлээр бичиж цөөн хэдэн тувачуудын түүхэнд үлдсэн хар толбоноос цагаатгаж буй нь, тувачууд гэж ийм улс байдаг юм шүү гэдгийг таниулж буй нь, цаг төр бусгаа үед ч монгол хүн гэж нэгнээ гэх сайхан сэтгэлтэй үндэстэн байсан юм шүү гэдгийг хойч үедээ таниулж буй нь миний хувьд маш их бахархам санагдлаа. Нэгийг бодож хоёрыг тунгаан уншмаар гайхалтай зохиолоор 2024 оныг эхлүүллээ. 

Мишагийн шагналыг авахдаа хамгийн их догдолж байлаа

-Та гурван улсын хүндтэй шагналуудаар уран бүтээлээ үнэлүүлсэн гавьяатай хүн. Хэзээ нь хамгийн их хөөрч догдолж байв?

-"Аянгат цагийн тууж" ном Дани улсад хэвлэгдээд шууд АЛОА  гэдэг шагнал авсан. Тэр ямар шагнал вэ гэвэл, Ази, Европ, Латин Америкийн зохиолчид дотроос жилд нэг "Шилдэг зохиолч"-ийг шалгаруулдаг юм. Ер нь дэлхийн утга, уран зохиолд олгодог 20 гаруй шагналыг авсан. Хамгийн том нь  тэр ХБНГУ-ын Гавьяаны загалмайн одон юм даа. Түүнийг шинжлэх ухаанд шинэ нээлт хийсэн, Нобелийн шагнал авсан хүмүүст өгдөг юм. Би чинь Монгол, Герман, Тува гурван улсын гавьяат хүн шүү дээ. Хамгийн эхлээд надад Гавьяаны одон өгсөн газар Герман, хоёр дахь нь Тува. Тува улсаас би нэг өдөр 2 шагнал зэрэг авч байлаа. Ерөнхийлөгчөөс нэг шагнал аваад суух гэсэн чинь болоогүй, зогсож бай гэсэн. Тэгээд зарлиг уншаад ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улсын Урлаг, соёлын гавьяат зүтгэлтэн өгч байгаа юм. Энэ одонг хэдэн жил болж байгаад нэг хүнд өгдөг тийм шагнал.

Хамгийн эхний шагнал авахдаа их догдолдог юм байна билээ. Мишагийн нэрэмжит шагналыг авахдаа яагаад тэгж их догдолсон юм гэвэл, би үг хэлнэ гэж бодоогүй гараад шагналаа авчихсан чинь та үг хэлж болно шүү дээ гэсэн. Тэгээд би жаахан бодолхийлээд… индэр лүү явж байхдаа бодсон. Тэр их гоё үг болсон.

“Би маш их баярлаж байна. Намайг төрүүлсэн, ная гарчихаад сууж байгаа буянтай буурал ээжийнхээ төлөө баярлаж байна. Намайг буй болгосон, газар шороондоо шингээд арван хэдэн жил алдаагаа манаад сахиад хэвтэж байгаа аавдаа баярлаж байна. Ард түмэндээ баярлалаа. Хамгийн гол нь эртний соёлтой гэгддэг Хятад, Энэтхэгээс, тив алгасах пуужинтай Оросоос энэ шагналыг авсан хүн байхгүй. Тэгэхэд жижигхэн Монголыг онож энэ шагналыг өгсөнд маш их баярлаж байна.

Миний монгол гэдэг бол хоёр их гүрний хооронд хавчуулагдсан алаг нүд шиг зууван хэлбэртэй газарт минь тэр алаг нүдэн орныг олж ирсэнд их баярлалаа гээд л цаашаа зүгээр урсгаад өгсөн л дөө...” ингэж л догдолж Монголоороо бахархаж тэр шагналыг гардан авч байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 сар 6. 15:26СЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 сар 6. 15:25“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 сар 6. 15:243х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 сар 6. 15:21“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 сар 6. 15:19Гадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 сар 6. 15:17Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 6. 15:17Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 сар 6. 15:16Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 сар 6. 15:14Ү.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 сар 6. 15:12П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.