ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Дэлхийн банкны төлөөлөгчидтэй уулзаж, “Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар санал солилцов.
УИХ өнгөрсөн онд Монгол Улсын тээврийн холболт, логистикийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг баталсан. Энэ хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр 361 км авто зам, найман байршилд 1205 урт метр гүүрэнд их засвар хийхээр болсон билээ. Манай оронд барилгын ажил хийх боломжит хугацаа богино учир төслийн бэлтгэл хангаж, зөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, зураг төсөл боловсруулах ажлыг шуурхай зохион байгуулж байна.
Улаанбаатар-Арвайхээр, Улаанбаатар-Өндөрхаан, Хархорин-Цэцэрлэг, Булган-Мөрөн, Цэцэрлэг-Тосонцэнгэл, Арвайхээр-Баянхонгор, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хамгийн их эвдрэлтэй замд их засвар хийх тул төслийн үр ашиг чухал ач холбогдолтой. Хэрэгжилтэд онцгой анхаарч байгааг ЗТХЯ мэдээллээ.
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 1996-2002 онд “Тээврийг сэргээх төсөл”, “Тээврийг хөгжүүлэх төсөл” хэрэгжүүсэн нь авто замын сүлжээг хөгжүүлэхэд дэмжлэг болсон. Тухайлбал, баруун аймаг чиглэлийн хамгийн их бартаа, саадтай, өндөр даваа, намагтай хэсгийг сонгож хайрган хучилттай зам, мөн Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 200 км авто замыг хатуу хучилттай замыг барьжээ.
Сэтгэгдэл бичих