Намдаа "гологдсон" түшээд


5-р сарын 20
17 цаг 08 минут

Намдаа "гологдсон" түшээд

Улс төрийн тогоо шатах шахам халуусч буй энэ өдрүүдэд өнөөгийн парламентаас 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөхгүй болж, тахимаа өгч буй түшээдийн нэрс тодроод байна. Тэднийг "намдаа гологдсон улстөрчид" гэж нэг хэсэг нь тодорхойлж байхад зарим түшээд нь нүүрсний хэрэгт холбогдсоноос 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрхгүй болсон нь ч бий.  Мөн их улс төрөөс завсарлага авч буй хууль тогтоогч ч байгаа юм. Тэд хэн болохыг тоймлон хүргэе.


Айдаггүйгээ авдрандаа хийсэн түшээ

Тойргоороо тулаа хийснээр Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайд болох “виз“ авч айдаггүйгээ авдрандаа хийгээд байгаа түшээ бол УИХ-ын гишүүн, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд юм.

УИХ-ын 2000 оны сонгуулиас эхлэн парламентад зургаан удаа сонгогдож, Гадаад хэргийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж ирсэн тэрбээр улс төрийн карьераа Элчин сайдаар өндөрлүүлэхээр шийдсэн бололтой.

Төв аймгаас зургаан удаа тасралтгүй УИХ-д сонгогдсон түүнд 2024 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх сонирхол төрөөгүй нь нэгд нас өндөр болсон, хоёрт тойрог томссонтой холбоотой болов уу. Учир нь, Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгууд нэг тойрог болж, томорсон нь нэлээн мөнгөтэй, хөрөнгөтэй хүний хүч үзэх талбар болж, хувирсан.  Иймээс тасралтгүй зургаан удаа сонгогдсон Төв аймгийнхаа “дош”-ыг Элчин сайдын суудал болгож улс төрийн карьераа үргэлжлүүлж буй түшээ гэж хэлж болно.

Гадаадыг зорино

УИХ-д сууж байх ёстой туршлагатай хууль тогтоогчийн нэг бол Ц.Мөнх-Оргил.  Гэвч энэ удаагийн УИХ-ын сонгуулиас завсарлага авч, гадаадыг зорих бэлтгэлээ хангаж эхэлжээ.

ОХУ-ын Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургуулийг хуульч, АНУ-ын Харвардын их сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр суралцан, магистр хамгаалсан тэрбээр парламентад хийх ажил дууссан гэж үзсэн бололтой. Мэргэжлээрээ хилийн дээс даван ажиллана гэдэг мэдээлэл байгаа юм.

Дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа горилогчид

УИХ-д сонгогдсон цагаасаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг “балбасаар” Монгол руу ирэх гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж ирсэн улстөрчдийн нэг бол Олимпизмын асуудал хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нар юм.Намаас нь тэднийг энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх бодлого барьж буй ч хэн, хэн нь реакци үзүүлж буй чимээ дуулдах болсон. Иймээс өнөөдрийн МАН-ын Бага хурлаас тэднийг дахин нэр дэвшүүлэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг.

Хэрвээ МАН-ын Удирдах зөвлөлөөс эхний гаргасан зарчим дээрээ зогсч, нэр дэвшүүлэхгүй гэвэл Бага хурлаас дэмжлэг авахад бэрх. Учир нь, МАН-ын Бага хурал бол Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг сөрдөг нь тун цөөн.

Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Д.Өнөрболор нар карьераа өндөрлүүлнэ

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, Б.Жаргалмаа нар УИХ-д эмэгтэйчүүдийн квотоор 2020 оны УИХ-ын сонгуульд тойрогт өрсөлдөн парламентын гишүүнээр сонгогдож байсан бол энэ удаад тойрог ч, намын жагсаалт ч олдоогүй гэх мэдээлэл бий.

2020 оны УИХ-ын сонгуулиар Б.Жаргалмаа Сонгинохайрхан дүүргээс сонгогдож байсан бол эл квот энэ удаагийн сонгуулиар олдохгүй болж, хэзээний эзэнтэй болжээ.

Д.Өнөрболор гишүүний хувьд М.Энхболдын хүн гэдгээр хавчигдах болсоор удаж буйн дээр зарим талаар PR нь цөмөрч, тойргийнхныхоо төдийгүй намынхныхаа дургүйцлийг төрүүлсэн гэж хэлж болно.

Харин Г.Мөнхцэцэгийн хувьд 2016, 2020 оны УИХ-ын сонгуулиудад тус бүр ялалт байгуулж, хоёр удаа парламентын гишүүнээр сонгогдсон ч энэ удаад мөн л “квот” олдохгүй болжээ.

Өмнө нь Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайд Б.Дэлгэрсайханд намаас нь эмэгтэй нэр дэвшигчээ УИХ-д гаргаж ирэх даалгавар өгснөөр Г.Мөнхцэцэг гишүүн говийн бүсээс ялалт байгуулж байв. УИХ-аас баталсан хуулиар тойрог томсч Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өмнөговь аймаг нэг болсон. Сул рейтингтэй гишүүн энэхүү дөрвөн аймаг нийлсэн тойм тойргоос суудал авч ирэх боломжгүй. Нөгөө талаас Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын дэмжлэгтэй шинэ нэр дэвшигч нарыг эл тойрогт сойх болсон зэрэг нь сар гаруйн дараа бүрэн эрхээ дуусгахаас аргагүйд хүргээд байна.

Ё.Баатарбилэг, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Б.Энх-Амгалан нар шүүхээс уяатай

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэргээр шүүхээс зургаан жилийн хорих ял оноосон ч бүрэн эрх нь түдгэлзээгүй тул хоригдоогүй жил гаруйн хугацаа өнгөрч буй.  УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар гэмт хэрэгт нэр холбогдож, шүүхээс  ял сонссон бол УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй. Иймээс Ё.Баатарбилэг гишүүн УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан дээрх үндэслэлээр энэхүү сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон.

Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас 2021 онд нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдсон  улстөрчийн нэрсийг зарлахад УИХ дахь МАН-ын бүлгээс Ш. Раднаасэд, Ц.Сэргэлэн,Б.Баттөмөр нар багтсан. Хэргийг шалгах шатанд Б.Баттөмөр, Ц.Сэргэлэн нарыг холбогдолгүй гэж үзсэн бол Ш.Раднаасэдийг шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд АТГ нам болсон.

Гэхдээ Ш.Раднаасэд гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар 2024 оны УИХ-ын сонгуулийг өнжиж байгаа гэдгээ мэдэгдсэн. Тэрбээр нүүрсний жинхэнэ хулгайч нарыг илчилж тэмцэнэ гэж няцаалт хийж байсан ч “Мөнгө нь гэртээ багтахгүй болсон нүүрсний хулгайч нар алтан гулдмай болгон хадгалж байна” гэдэг үгийг чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлээд л нам болсон.

Ж.Сүхбаатар гишүүний хувьд “Тэнүүн огоо” компанийн худалдан авсан автобус “но”-той болох нь илчлэгдсэнээр Түгжрэлтэй тэмцэх асуудал хариуцсан сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, сул гишүүн болсон. Мөн АТГ-аас түүнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан бөгөөд шүүх хурлыг нь товлох урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн хугацаанд хоёр удаа болсон ч өмгөөлөгч нарынх нь хүсэлтээр хойшилсоор урьдчилсан хэлэлцүүлгийг дахин хийхээс аргагүйд хүрээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарын хувьд “Би энэ хэрэгт холбогдолгүй. Надад автобус худалдан авах эрх мэдэл байхгүй. Мөнгийг нь л шийдэж өгсөн” гэж ярьдаг. Гэвч эл хэрэг шүүх рүү шилжээд байгаа юм. Ийнхүү нийтийн тээврийн парк шинэчлэлтийг далимдуулан мөнгө угаах гэсэн энэхүү хэрэгт тэрбээр нэр холбогдосноор УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй болсон юм.

Зам тээвэр хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий компанид давуу эрх олгосон үндэслэлээр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шүүхээр орж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, 40 сая төгрөгөөр торгох ял оноосон юм.

Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат нар нэр дэвшихгүй

Нүүрсний хэрэгт холбогдуулан “Ажнай”-н Д.Бат-Эрдэнийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлснээр прокуророос түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулж ирсэн юм. Улмаар 2023 оны гуравдугаар сард УИХ-аас Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнөөг хүртэлх хугацаанд түүнтэй холбоотой хэрэг шүүхээр орж ирээгүй.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг нүүрсний хэрэгт холбогдуулан шалгаж байгааг АТГ-аас мэдээлж, 2023 оны хоёрдугаар сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаснаар явсан. Хэдийгээр шүүх хурал нь товлогдоогүй ч дахин УИХ-д нэр дэвшихгүй болж, карьераа дуусгаад байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг энэ удаад намаас нь “тэтгэвэр”-тээ суух даалгавар өгсөн гэх нь бий.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.