"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"


5-р сарын 17
16 цаг 41 минут

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"

Онцгой байдлын салбарын 20 жил энэ онд тохиож буй. Тус салбарт ололт амжилт их байгаагийн зэрэгцээ, сайжруулах, нэмэгдүүлэх нөөц, хэрэгсэл их байгааг салбарын удирдлагууд нь онцолж байна. 

ОБЕГ-ын дарга хошууч, генерал Г.АРИУНБУЯН:

-Улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг сахин хамгаалах үйлсэд төр, түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа үе, үеийн алба хаагчдадаа онцгой байдлын салбар үүссэн түүхт 20 жилийн ой тохиож байна. Монгол Улсын төрөөс төр, ард түмнийхээ аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй улсын иргэний хамгааллын газар, гал түймэртэй тэмцэх газар, улсын нөөцийн газрыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээ, менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын жишигт нийцсэн онцгой байдлын газрыг байгуулсан. Дэлхий дахинд энхийн цагт хүн ардын аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангахад гамшгийн аюулын сөрөг нөлөөллийг бууруулах үзэл санаа дэлгэрч байхад УИХ-аас 2003 оны зургадугаар сард Гамшгаас хамгаалах хуулийг баталсан байдаг.

Онцгой байдлын 20 жилийн түүх бол хоёр 10-ныг багтаасан хөгжил дэвшлийн түүх юм.

Өнгөрсөн хугацаанд гамшгаас хамгаалах үйл ажиллагааны үндэсний чадавх, орон нутгийн чадавх бэхжиж, алба хаагчдын мэргэжлийн ур чадвар дээшлэхийн зэрэгцээ алба хаагчид гадаадад гамшигт өртсөн бүсүүдэд амжилттай ажиллаж байгаа. Мөн жилээс жилд техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал дээшилж байгааг тэмдэглэж хэлэх нь зүйтэй байх. Цаг минут тутамд хүн ардынхаа эрүүл мэнд, амь насны төлөө амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг нийт алба хаагчдадаа өндөр үүрэг хариуцлагатай, нэр төртэй албыг хашиж байгаад нь талархал илэрхийлье.

ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ОБЕГ-ЫН БАЙЛДААНЫ ТУГАНД  СҮХБААТАРЫН ОДОНГ ГАРДУУЛАН ЗҮҮЛЭЭ

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Б.ЗОЛБАЯР:

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг. 2024 оны тавдугаар сарын 17-ны өдөр. Дугаар 60. Төрийн одон, Улаанбаатар хот. ОБЕГ-ыг Сүхбаатарын одонгоор шагнах тухай.

Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэж зарлиг болгох нь. Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан гамшгаас хамгаалах хууль тогтоомж, төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулах, мэргэжлийн удирдлага, арга зүйгээр ханган ард иргэдийн амь нас, аж ахуй нэгжийн өмч хөрөнгийг авран хамгаалах үүргээ амжилттай биелүүлж буйг нь үнэлж ОБЕГ-ыг Монгол Улсын төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай.

Зарлиг буулгасан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх.

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРЫН АНХНЫ САЙДААР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙСАН ДУРСАМЖТАЙ ҮЕЭ ЭРГЭН САНАЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ:

-Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван амьдралын баталгаа болсон онцгой байдлын салбар үүсч хөгжсөний 20 жилийн ойн мэндийг нийт алба хаагчдадаа хүргэе. Онцгой байдлын салбарын анхны сайдаар томилогдож, улс орон, ард иргэдээ болзошгүй эрсдэлээс авран хамгаалах нэр хүндтэй үүргийг та бүхэнтэй мөр зэрэгцэн гүйцэтгэж байсан он жилүүд миний амьдралын сайхан дурсамжтай, мартагдашгүй үе байсныг тэмдэглэн хэлэхэд сайхан байна.

Тухайн үед онцгой байдлын албыг олон улсын чиг хандлага, өөрийн улсын онцлогт нийцсэн оновчтой бүтэц, зохион байгуулалттай болгож, үйл ажиллагааг нь нэгтгэн зохион байгуулахад анхаарч ажиллаж байлаа.

Мөн алба хаагчдын мэдлэг боловсрол, үүрэг гүйцэтгэх чадварыг дээшлүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийт иргэдийг гамшгаас хамгаалах зэрэг хойшлуулшгүй олон асуудал бидний өмнө тулгамдаж байсан. Энэхүү хариуцлагатай үүргийг биелүүлж, өнөөдрийн ОБЕГ-ын суурийг тавьсан үе, үеийн сайд нар, шадар сайд нар, онцгой байдлын газрын удирдлага та бүхэндээ баярын мэндийг хүргэж, сайн сайхныг хүсье.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.