Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Алтангэрэл санаачлан боловсруулсан бөгөөд хэлэлцүүлгийг удаашруулж байгааг удаа дараа шүүмжилж ирсэн юм. Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн зохицуулалтыг нарийвчилж, хариуцлагыг тодорхой болгох шаардлагатай гэж үзэн өмнөх төслийг буцаан татаж, шинэчилсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өнөөдөр /2026.11.27/ байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Одоогоос 555 хоногийн өмнө өргөн барьсан Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн гэсэн агуулгатай зүйл ярьсан. Хууль зүйн сайд ийм зүйл байхгүй ээ.
Та бүхэн санаж байгаа бол ердөө сар гаруйн өмнө Төсвийн тухай хуультай холбоотойгоор Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн төсөл өргөн барилаа гэдэг асуудал тавихад Монгол Улсын Их Хурлын дарга “Үндсэн хууль зөрчсөн эсэхийг би энд шийддэггүй” гэж байсан. Засгийн газраас өргөн барьсан хуулийг Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар хэн нэгэн албан тушаалтан, нэн ялангуяа нэг сайд ямар нэгэн дүгнэлт хийдэггүй. УИХ-ын Тамгын газар ч ийм дүгнэлт хийхгүй.
Өдий 550 гаруй хоног хэлэлцээгүйнхээ бурууг тухайн хуулийн төсөл Үндсэн хууль зөрчсөн байсан мэтээр ярьж байгаа бол нэгдүгээрт, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Хоёрдугаарт, энэ хуулийн төсөл явж байгаа. Үзэл санааны хувьд нэг том концепц бий.
Өнөөдөр гэмт хэрэг үйлдээд, авлигын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус хөрөнгө, орлогыг хураах бол нэг асуудал. Хамгийн гол нь өнгөрсөн жилүүдэд Монголын ард түмний боломжийг хулгайлсан, бидэнд ирэх ёстой байсан боломжийг хулгайлсан. Тэр хөрөнгийг хураая гэдэгт энэ хуулийн амин сүнс нь байгаа юм.
Одоогоос 555 хоногийн өмнө өргөн барьсан хуульд улс төрд нөлөө бүхий этгээд төрийн өндөр албан тушаалд ажиллах хугацаанд түүнд хамаарал бүхий этгээдийн бий болгосон хөрөнгийг шалгах ажиллагаанд заавал хамруулна. Үүнийг 2026 оны хоёрдугаар сараас эхлүүлнэ гэсэн заалт байсан юм.
Өөрөөр хэлбэл, төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээд гэдгийг бүгдийг нь зааж өгөөд, тайлбар хэсэгт нь төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий этгээдэд хамаарах маш олон төрлийн албан тушаалтныг тодорхойлсон. Мөн 2002 оноос хойш албан тушаал хашсан энэ бүх хүнийг бүгдийг нь шалгая, тэгээд энэ хуулийг буцааж хэрэглэе гэсэн ийм үзэл санаа байсан юм.
Харамсалтай нь, шинэ хуулийн төсөл дээр үүний бүр эсрэгээр хийсэн байна. Тухайлбал, Хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төсөлд шалгах ажиллагаа эхлэх үеийн хөрөнгийг цэвэр хөрөнгөд тооцно гэж заасан. Мөн 25.11-д “Энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олж авсан хөрөнгийг энэ хуулийн 25.10-т заасны дагуу эхлэлийн цэвэр хөрөнгөд тооцно” гэж байгаа.
Өөрөөр хэлбэл, энэ хуулийн дагуу шалгаж эхлэх хүртэл хуримтлагдсан хөрөнгийг цэвэр хөрөнгө гэж тооцъё гэсэн ийм утга санаатай явж байна. Ингэвэл энэ хууль өөрөө утгаа алдана.
Өнгөрсөн хугацаанд бий болсон авлига, хулгай, төрийн өндөр албан тушаалд байхдаа өөртөө болон хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон асуудалд ард түмэн бухимдаад байгаа болохоос биш одооноос цааш яах вэ гэдэг нь дараагийн чухал асуудал.

Сэтгэгдэл бичих