Украины дайны улмаас 2022 оноос хойш ОХУ-ын 490,334-өөс доошгүй цэрэг амь үрэгдсэн гэж ОХУ-ын засгийн газрын статистик мэдээлэлд хийсэн "BBC"-ийн дүн шинжилгээнд дурджээ. Задруулсан мэдээллээс үзэхэд Украины эсрэг эхлүүлсэн бүрэн хэмжээний дайн ОХУ-ын хүн амын нас баралтын үзүүлэлтэд ихээхэн өөрчлөлт оруулж, асар их хохирол дагуулсан байна. Ерөнхийлөгч Владимир Путин анх хэдхэн хоног үргэлжилнэ гэж тооцоолж байсан дайн ийнхүү бараг таван жил үргэлжилж байгаа юм.
Беларусийн "Cyber Partisans BY" болон Украины "Silent Crow" хакерын бүлэг ОХУ-ын Статистикийн газрын (Rosstat) дотоод сүлжээнд нэвтэрч авсан 11 сая гаруй нас баралтын бүртгэлийг "BBC"-ийн Орос хэлний редакц олж авсан байна.
Үүнд 2021-2026 оны есдүгээр сар хүртэлх нас баралтын мэдээлэл хадгалагдаж байсан аж. Гэсэн хэдий ч "Rosstat" цахим халдлагад өртсөнөө хүлээн зөвшөөрсөн ч хамгаалагдсан мэдээлэл алдагдсан гэх мэдээллийг үгүйсгээд буй. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мөн Лхагва гаригт (2026.11.25) ОХУ-ын цэргийн хохирлын талаар зөвхөн Батлан хамгаалах яам албан ёсны мэдээлэл өгөх эрхтэйг мэдэгджээ. Тэрбээр “Бусад мэдээллийг харгалзан үзэхгүй байхыг зөвлөж байна” гэж хэлсэн байна. Харин тус яам хэдэн жилийн турш цэргийн хохирлын албан ёсны тоо баримтыг нийтлээгүй юм.
"BBC" Оросын бие даасан "Mediazona" хэвлэлтэй хамтран "Rosstat"-ын мэдээллийг Украины дайн эхэлснээс хойш нээлттэй эх сурвалжаас цуглуулсан цэргийн амь үрэгдэгсдийн бүртгэлтэй харьцуулжээ. Ингэхэд хоёр мэдээллийн сангийн 90 хувь нь таарсан аж. Тодруулбал, нээлттэй эх сурвалж, албан ёсны мэдээ, нийгмийн сүлжээ, цэргүүдийн булш, дурсгалын мэдээллийг ашиглан Оросын 290,012 цэрэг амиа алдсаныг баталгаажуулжээ. Гэвч энэ нь нийт амь үрэгдэгсдийн дөнгөж 45-55 хувь нь байж болзошгүй гэж шинжээчид үзэж байна.
Өөрөөр хэлбэл, Украины дайнд амиа алдсан Оросын цэргийн тоо 527-644 мянгад хүрсэн байх магадлалтай аж.
Мөн 2025 онд дайнд амиа алдсан Оросын 18-24 насны залуус тухайн насны бүлгийн нийт нас баралтын 65 хувийг эзэлжээ. Харин 25-34 насныхны хувьд энэ үзүүлэлт 59 хувьтай байна. Өөрөөр хэлбэл, эдгээр насны хүмүүсийн нас баралтын талаас илүү хувь нь дайнаас шалтгаалжээ. Харин 45-54 насныхны дунд зүрх судасны өвчнөөр нас барсан хүний тоо дайнд амиа алдсан цэргүүдийн тооноос давсан байна.

Сэтгэгдэл бичих