НУ-ын зохицуулагч байгууллагууд SpaceX компанид дэлхийн тойрог замд нэг сая хүртэлх хиймэл дагуул байрлуулах зөвшөөрөл олгожээ. Эдгээрийг ашиглан сансарт дата төв байгуулж, хиймэл оюуны тооцоолол боловсруулах юм. Энэ нь ийм төрлийн анхны зөвшөөрөл болж байгаагаар онцлогтой.
Илон Маскийн эзэмшдэг SpaceX компани нарны эрчим хүчээр ажиллах хиймэл дагуулуудыг ашиглан өгөгдөл боловсруулж, үр дүнг нь дэлхий рүү буцаан дамжуулахаар төлөвлөжээ.
АНУ-ын Холбооны Харилцаа Холбооны Комисс (FCC) лхагва гарагт мэдэгдэхдээ Starmind нэртэй уг төсөл нь "АНУ-ын хурдацтай хөгжиж буй супер оюун ухааны эдийн засгийг дэмжинэ" гэж онцлов.
Хиймэл дагуул байрлуулах ажил 2033 оны арваннэгдүгээр сараас өмнө эхлэх ёстой.
Өрсөлдөгч Amazon компани уг төслийг "бодит төлөвлөгөө гэхээс илүү хэт том амбиц" хэмээн шүүмжилжээ. Харин АНУ-ын одон орон судлаачид энэ санаачилга нь олон нийт болон эрдэмтдийн шөнийн тэнгэрийг ажиглах боломжийг хязгаарлана гэж үзэж байна.
SpaceX-ийн үзэж буйгаар тойрог зам дахь дата төвүүд нь хиймэл оюуны өсөн нэмэгдэж буй тооцооллын хэрэгцээг хангах хамгийн хэмнэлттэй бөгөөд эрчим хүчний үр ашигтай арга аж. Компанийн мэдэгдсэнээр энэхүү хэрэгцээ нь дэлхий дээрх дэд бүтцийн хүчин чадлаас давж эхэлжээ.
FCC-ийн дарга Брендан Карр "Энэ бол сансар судлал болон дэвшилтэт технологийн давуу талуудаа нэгтгэж, эдийн засгийн манлайллаа бататгаж, дотоодын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх Америкийн шинэлэг сэтгэлгээний тод жишээ" гэжээ.
Үүний хариуд Илон Маск "Маш их баярлалаа. Энэ нь Америк төдийгүй дэлхий дахинд үнэтэй хөрөнгө болно" гэв.

Сэтгэгдэл бичих