Өмнөд Африкийн шүүх Оросын армид нэгдэж Украины эсрэг тулалдахаар завдсан зимбабве эрд таван жилийн хорих ял оноожээ. Гэсэн ч Тафадзва Ситхол энэ ялыг шууд эдлэхгүй. Тодруулбал, ялыг таван жилийн хугацаатай түдгэлзүүлсэн бөгөөд энэ хугацаанд ижил төрлийн гэмт хэрэг үйлдэж, дахин ял шийтгүүлсэн тохиолдолд л уг ялыг эдлэх юм.
Тафадзва Ситхолыг өөр найман хүний хамт баривчилсан. Тэднийг энэ сарын 8-ны өдөр "OR Tambo" олон улсын нисэх буудлаас Орос руу нисэх гэж байхад нь баривчилсан аж.
Тафадзва Ситхол Оросын дайнд оролцож, хариуд нь хөлс мөнгө авахаар тохирсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Өөрөөр хэлбэл, тэр ямар нэг байдлаар хууртаагүй, анхнаасаа л Оросын талд тулалдана гэдгээ мэдэж байжээ. Түүнийг өргөдлөө бөглөсний дараа Албина гэх хүн холбогдож, онгоцны тасалбар захиалах зэргээр ажлуудыг нь зохицуулж өгсөн байна. Энэ хугацаанд тэр Зимбабвегаас Өмнөд Африкт ирж, Орос руу нисэх өдрөө хүлээж байжээ.
Африкийн хэд хэдэн орноос ОХУ-ын армид цэрэг элсүүлсэн. Үүнд Зимбабве, Өмнөд Африк, Кени, Ботсвани, Гана зэрэг улс багтаж байгаа юм.
Зимбабвегийн 15 иргэн Украины дайнд амь үрэгдсэнийг тус улсын эрх баригчид өнгөрсөн гуравдугаар сард мэдээлсэн. Мөн 66 иргэнээ буцааж авчрахаар хөөцөлдөж байгаагаа мэдэгдэж байв. Харин Кени улсаас 1000 гаруй иргэн Оросын армид элсэн тулалдсан гэх мэдээлэл бий. Тэдгээр иргэний ар гэрийнхэн хүмүүсээ эргүүлэн авахаар гуравдугаар сард жагсаал хөдөлгөөн хүртэл өрнүүлжээ.
ЭХ СУРВАЛЖ: AL JAZEERA

Сэтгэгдэл бичих