Төрийн данхар бүтэц төсвийн зардлыг тэлж буй асуудал нийслэлийг ч тойрсонгүй. Тиймээс нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит компани, байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчилж, чиг үүргийн давхардлыг арилгах, заримыг нь нэгтгэхээр төлөвлөжээ.
Энэ хүрээнд 2027 онд нийслэлийн төрийн албан хаагчдын орон тоог 1000-аар бууруулахаар төсвийн төслийг боловсруулан өргөн барьсан байна.
Энэ талаар холбогдох албаныхан мэдээлэхдээ, зөвхөн Нэгдсэн төслийн нэгж гэлтгүй нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн өмчит болон бусад компани, байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг бүхэлд нь авч үзэж, нэгтгэх ажлыг хэрэгжүүлнэ гэв.
Мөн ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Компанийн тухай хуулийн өөрчлөлтийн хүрээнд байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтад холбогдох өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөж байгаа аж.
Төсвийн төслийг одоогийн байдлаар боловсруулж, өргөн барьсан бөгөөд уг төслийн хүрээнд хэрэгжүүлэх шаардлагатай зарим ажлыг эрэмбэлж, давхардсан чиг үүрэгтэй төсөл, хөтөлбөрүүдийг нэгтгэх, үр ашиггүй гэж үзсэн зарим төслийг татан буулгах зохион байгуулалт хийхээр болжээ.
Ингэснээр нийслэлийн төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог оновчтой болгож, төрийн үйл ажиллагааг цомхон, шуурхай, үр ашигтай болгох зорилготой байна. Тодруулбал, 1000 орон тоог хэмнэхээр төлөвлөсөн нь зөвхөн ажилтны тоог бууруулах бус, байгууллагуудын чиг үүрэг, бүтцийн давхардлыг арилгаж, зөв зохион байгуулалтад шилжүүлэх бодлогын хүрээнд хийгдэж буй ажил гэдгийг онцлов.
Дээрх өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх асуудлыг дараагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж, хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа аж. Одоогоор Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, холбогдох ажлын хэсэгт шилжүүлсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтийг шуурхай хэлэлцэн, улмаар НИТХ-д өргөн барих юм байна.

Сэтгэгдэл бичих