Суралцахын зэрэгцээ цагийн ажил хийдэг оюутнууд олон болсон. Тэгвэл тэдгээр оюутнууд нийгмийн даатгалын зарим төрлийн шимтгэл төлөхгүй байх боломжтой болно. Шимтгэл төлөхгүй байх сонголтыг 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Тодруулбал, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид мэргэжлийн болон техникийн боловсролын хөтөлбөрөөр, их сургууль, коллежид дэд бакалавр болон бакалаврын хөтөлбөрөөр суралцаж байгаа 15-24 насны оюутан, суралцагч хөдөлмөр эрхэлж байгаа бол өөрийн хүсэлтээр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалаас бусад төрлийн нийгмийн даатгалд хамрагдахгүй байж болно.
Жишээлбэл, их сургуулийн оюутан хичээлийнхээ хажуугаар кофе шопт цагийн ажил хийдэг байлаа гэж бодъё. Тэрбээр хуулийн шаардлагад нийцэж байгаа бол өөрийн хүсэлтээр дээрх даатгалын төрлүүдэд хамрагдахгүй байх боломжтой. Ингэснээр цалингаасаа төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн суутгал багасна.
Гэхдээ энэ нь бүх төрлийн нийгмийн даатгалаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Оюутныг ажиллуулж байгаа ажил олгогч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг үргэлжлүүлэн төлнө.
Мөн оюутан шимтгэл төлөхгүй байх сонголт хийсэн хугацаа нь тэтгэвэр тогтоолгоход шаардагдах шимтгэл төлсөн хугацаанд тооцогдохгүй. Харин ирээдүйн тэтгэврийн эрхээ хадгалахыг хүсвэл төлөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ 26 нас хүрэхээсээ өмнө өөрөө хариуцан нөхөн төлж болно.
Шимтгэлээ ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхөө нийгмийн даатгалын байгууллагатай байгуулах гэрээгээр тохирох байна.

Сэтгэгдэл бичих