Сэтгүүлч Б.Даваахүүг нийтийн албан тушаалтны гомдлоор энэ сарын 6-нд баривчлан 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэрийг гаргаж, цагдан хорьж буй. Тэгвэл сэтгүүлчийн өмгөөлөгч болох Ч.Өнөржаргал энэ сарын 17-нд Б.Даваахүүгийн цагдан хориог цуцлуулж, гадуур шалгуулах хүсэлтийг тавьсан ч уг хүсэлтийг шүүх хүлээж аваагүй бөгөөд цагдан хорих хугацааг хэвээр үлдээсэн байдаг. Тэгвэл өнөөдөр /2026.11.19/ цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийж, "Б.Даваахүүг сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай нь холбоотой барьж хориогүй. Нэр бүхий хүмүүстэй бүлэглэн нийтийн албан тушаалтныг сүрдүүлсэн. Орон байр, гар утас, тээврийн хэрэгсэлд нэгжлэг хийхэд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон" гэдгийг хэлсэн.
Харин уг тайлбар мэдээлэлд үндэслэн сэтгүүлч Б.Даваахүүгийн өмгөөлөгч Ч.Өнөржаргал олон нийтэд мэдээлэл өглөө. Тэрбээр, "Өмгөөлөгчийн үйл ажиллагаа үйлчлүүлэгчээс авсан зөвшөөрлийн хэмжээнд мэдээлэл өгөх эрхтэй. Тиймээс хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Харин өнөөдөр цагдаагийн байгууллагаа миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал болоод нэр хүндэд нь тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлэхүйц мэдээлэл хийлээ. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх явцад тодорхой хугацаа, ажил орно. Ингээд эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Гэтэл цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийхдээ нэр бүхий дөрвөн иргэнтэй Эрүүгийн хуулийн 23.7 хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоодсон гэдэг мэдээллийг олон нийтэд өглөө. Үүнийг сэтгүүлчийн нэр хүндэд халдсан үйлдэл гэж харж байна.
Өмгөөлөгчийнх нь хувьд миний үйлчлүүлэгчийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр түүний холбогдсон хэргийг нь шалгуулах хүсэлтийг гаргасан.
Б.Даваахүүд холбогдуулан шалгаж байгаа хэрэг нь 2026 оны есдүгээр сараас эхлэн холбогдуулан шалгаж байгаа мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байна. Б.Даваахүүг энэ сарын 6-нд ажлын байр дээрээ байхад нь дөрвөн албан хаагч баривчлан, хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан тогтоолыг харахаар Эрүүгийн хуулийн 23.7-д заасан нийтийн албан тушаалтныг заналхийсэн гэдэг заалтад үндэслэн шалгаж байгаа.
Цагдаагийн байгууллага хэн нэгний гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад гэм буруутай нь тогтоогдсон мэтээр олон нийтэд мэдээлэл өгч байгаа хүний нэр хүндэд халдсан үйлдэл болж байна.

Сэтгэгдэл бичих