Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод “Монгол ноолуурын өдөр” арга хэмжээ зохион байгуулагдаж, Монголын үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд танилцууллаа.
Арга хэмжээний үеэр Монгол ноолуурын чанар, малчин өрхүүдийн хөдөлмөр, үндэсний үйлдвэрлэгчдийн ур чадвар, тогтвортой үйлдвэрлэлийн ач холбогдлыг онцолсон байна. Мөн Монгол, Туркийн худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар хэлэлцжээ.
Энэ үеэр Монголын үйлдвэрлэгчид Туркийн нэхмэл, ноолуур, загварын салбарын томоохон компаниудын төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Тухайлбал, Туркийн “Silk and Cashmere” компани ноолуурын түүхий эдийн нийлүүлэлтийн тодорхой хэсгийг Монгол Улсаас авах боломжийг судалж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлжээ.
Энэхүү арга хэмжээ нь Монгол ноолуурын чанар, үнэ цэнийг олон улсын зах зээлд сурталчлах, үндэсний үйлдвэрлэгчдийг гадаадын компаниудтай холбох, хоёр улсын бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм.

Сэтгэгдэл бичих