Монгол Улс нар, салхины арвин нөөцтэй ч сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэхээс гадна түүнийг хэрхэн хуримтлуулж, үр ашгийг нь урт хугацаанд ашиглах вэ гэдэг нь асуудалтай. Нөгөө талд нийслэлийн агаарын бохирдол, айл өрхийн дулаан алдагдал, эрчим хүчний хүрэлцээ зэрэг асуудал шийдлээ хүлээсээр.
ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн Сэргээгдэх эрчим хүчний лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Мэндбаяр-тай сэргээгдэх эрчим хүчний технологийн боломж, дулаан хуримтлуулах шинэ шийдэл, айл өрхийг утаанаас салгах боломж болон судалгааны үр дүнг бодит хэрэглээнд нэвтрүүлэхэд тулгарч буй бэрхшээлийн талаар ярилцлаа.
-Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй гэж ярьдаг. Гэвч бид энэ боломжоо бүрэн ашиглаж чадахгүй байна. Таны бодлоор манай улсын хувьд хамгийн түрүүнд шийдэх шаардлагатай асуудал юу вэ?
-Манай улсын нар, салхины эрчим хүчний нөөц их. Гэхдээ өнөөдөр дэлхий нийтээр зөвхөн эрчим хүч үйлдвэрлэх тухай ярихаа больж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ хэрхэн хуримтлуулах, хэрэгцээтэй үедээ ашиглах, үр ашгийг нь удаан хадгалах чиглэлд түлхүү ажиллаж байна.
Бид ч энэ чиглэлээр судалгаа хийж байгаа. Тухайлбал, дулаан хуримтлуулах боломжтой материалуудыг судалж, сэргээгдэх эрчим хүчний шинэ шийдлүүдтэй хослуулан туршиж, үр ашгийг нь тооцоолж, хуримтлуулсан дулааныг нийтийн хэрэглээнд нэвтрүүлбэл ямар үр дүнтэй болохыг нарийвчлан судалдаг.
Гэхдээ энд нэг асуудал бий. Эрдэм шинжилгээний байгууллага судалгаагаа хийгээд, технологийн шийдлээ боловсруулаад гаргадаг. Харин түүнийг цааш нь үйлдвэрлэл, хэрэглээ болгох ажил орхигддог. Бидний хийсэн судалгааг холбогдох байгууллагууд нь авч хэрэгжүүлдэг тогтолцоо хэрэгтэй байна.
-Дулаан хуримтлуулах технологи гэхээр уншигчдад сонирхолтой санагдаж магадгүй. Энэ нь яг ямар зарчмаар ажиллах вэ? Айл өрхийн дулааны асуудлыг шийдэх боломжтой юу?
-Дулаан хуримтлуулах гэдэг нь илүүдэл дулааныг тодорхой материалд хадгалаад, шаардлагатай үедээ буцаан ашиглахыг хэлж байгаа юм. Бидний судалж буй нэг шийдэл бол элс ашиглан дулаан хуримтлуулах технологи.
Энэ чиглэлээр шинэ шийдлүүдийг туршиж, дулаан хадгалах чадвар, ашиглалтын үр ашиг, эдийн засгийн тооцооллыг хийж байна. Ингэснээр дулааныг хуримтлуулж, хэрэгцээтэй үед ашиглах боломжийг судалж байгаа гэсэн үг.
Г
ол нь ийм технологийг зөвхөн лабораторийн түвшинд үлдээж болохгүй. Нийтийн хэрэглээнд ямар өртгөөр нэвтрүүлэх вэ, иргэдэд хэрхэн хүртээмжтэй хүргэх вэ гэдгийг бодох ёстой. Бидний зорилго ч эцсийн дүндээ айл өрхийн дулааны асуудлыг шийдэхэд хувь нэмрээ оруулах юм.
-Тэгвэл сэргээгдэх эрчим хүчээр айл өрхийг дулаан, цахилгаанаар хангах боломж одоогоор хэр бодитой байна вэ?
-Энд хамгийн түрүүнд өртгийн асуудал яригдана. Сэргээгдэх эрчим хүчээр асуудлаа шийдье гэхээр анхны хөрөнгө оруулалт өндөр болдог. Тиймээс бид үүнийг хэрхэн бага зардлаар, найдвартай шийдэх вэ гэдэгт анхаарч судалгаа хийдэг.
Манай нөхцөлд хамгийн хямд, найдвартай эрчим хүчний эх үүсвэр нь одоогоор нүүрсний станцууд байна. Гэхдээ тэдгээрийн үйлдвэрлэсэн дулаан болон цахилгааныг гэр хорооллын өрхүүдэд хүргэх шугам, сүлжээ хангалттай биш. Нөгөө талаас манай цахилгаан станцуудын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээ хязгаартай.
Айл өрх бүрийг цахилгаанаар халаахад системийн ачаалал нэмэгдэнэ. Тиймээс нэг шийдлийг бүх айлд ижил байдлаар хэрэгжүүлэх боломжгүй. Ер нь айл өрхийн хувьд цахилгаан халаалт зөв сонголт байж болно. Гэхдээ эхлээд байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулах шаардлагатай. Нэг өрхөд ногдож буй цахилгааны хэрэглээний боломжоо тооцож, түүндээ тохирсон дулаалга, халаалтын шийдлийг сонгох хэрэгтэй.
-Та дулаан алдагдлыг онцолж байна. Айл өрхүүд байшингаа барих, дулаалахдаа юун дээр хамгийн их алддаг юм бол?
-Өвлийн улиралд айл өрхүүд дулаан алдагдлаа аль болох бага байлгах хэрэгтэй. Учир нь дулаан алдагдал их байх тусам түүнийг нөхөхийн тулд илүү их эрчим хүч хэрэглэнэ. Энэ нь шууд түлш, цахилгааны зардалд нөлөөлдөг. Харамсалтай нь манайд байшин барихдаа дулаалгын материалын чанар, дулаан хадгалах чадварыг тэр бүр анхаардаггүй.Монгол гэрийн дулаалгатай хананы бүтэц
Дүүргэгч материал сонгохдоо дулаан тусгаарлах үзүүлэлтийг нь харьцуулалгүй хамгийн хямд материалыг сонгох хандлагатай байдаг. Үүний улмаас байшин дулаанаа алдаж, өвөл халаахын тулд олон төрлийн түлш хэрэглэн галладаг.
Хүн ая тухтай, дулаан орчинд амьдрах нь амьдралын анхан шатны хэрэгцээ.
Нүүрс зөөхгүй, гал түлэхгүй, угаарын эрсдэлгүй амьдрах боломжийг бүрдүүлэхийн тулд эхлээд дулаан алдагдал багатай сууцны шийдлийг нэвтрүүлэх шаардлагатай.
-Тэгвэл агаарын бохирдлыг бууруулах бодлого зөвхөн нүүрсний хэрэглээг хязгаарлахад төвлөрөх нь хангалтгүй гэсэн үг үү?
-Тийм. Утаанаас салъя гэж байгаа бол айл өрхүүдэд бодитой, эдийн засгийн хувьд хүртээмжтэй хувилбар санал болгох ёстой. Тэр нь зөвхөн нүүрс түлэхгүй байх тухай асуудал биш. Иргэд ямар сууцанд амьдрах вэ, тэр сууц нь дулаанаа хэрхэн хадгалах вэ, ямар эх үүсвэрээр халаах вэ гэдгийг цогцоор нь шийдэх хэрэгтэй.
Бид судалгааны байгууллагын хувьд тодорхой шийдлүүдийг боловсруулаад, туршаад явж байна. Нүүрс худалдан авах, тээвэрлэх, түгээхэд зарцуулж байгаа хөрөнгийнхөө тодорхой хэсгийг ийм шийдлийг дэмжихэд чиглүүлж болно шүү дээ.
Утаа, яндангаасаа салъя гэж байгаа бол судалгаагаар батлагдсан технологийг бодит амьдралд нэвтрүүлэх хэрэгтэй. Бид хийхгүй байгаа юм биш. Хийж, судалж, туршиж байна. Харин тэр ажлыг цааш нь дамжуулж, үйлдвэрлэл, хэрэглээнд хүргэх тогтолцоо дутагдаж байна.-Монгол Улсын хувьд нар, салхинаас гадна усан цахилгаан станцыг сэргээгдэх эрчим хүчний нэг боломж гэж үздэг. Энэ чиглэлд ямар байр суурьтай байдаг вэ?
-Миний бодлоор Монголд тохиромжтой сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн нэг бол ус. Гэхдээ манай улс усан цахилгаан станц барихад тохиромжтой томоохон гол мөрний нөөц, байршлын хувьд тодорхой хязгаарлалттай. Усан цахилгаан станц барихад усны нөөц, урсац, байршил гээд олон хүчин зүйлийг тооцох шаардлагатай.
Түүнчлэн дэлхийн дулаарлын нөлөөгөөр хур тунадас багасах зэрэг асуудал үүссэн. Сүүлийн үед энэ нөхцөл харьцангуй дээрдэж байгаа гэж харж байна. Харин Монголд усан цахилгаан станц барих асуудал яагаад удааширч байгааг зөвхөн техникийн талаас тайлбарлахад хэцүү. Миний хувьд үүнд улс төрийн хүчин зүйл нөлөөлдөг болов уу гэж боддог.
-Та бүхний хийсэн судалгаа, туршилтын үр дүнг бодит амьдралд нэвтрүүлэхэд яг ямар бэрхшээл тулгардаг вэ?
-Бид судалгааны ажлаараа эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, хэвлүүлдэг. Мөн хурал, семинарт оролцож, илтгэл тавин, санал шүүмж авдаг. Гэхдээ нэг асуудал бий. Бид судалгааны үр дүнгээ зорилтот бүлэгтээ хүргэж чадаж байгаа эсэхээ мэдэхгүй байна. Судалгааны ажлаа танилцуулах, иргэдэд ойлгуулах, холбогдох байгууллагуудад хүргэхэд зориулсан тусгай хөтөлбөр, боломж хомс.
Хурал, зөвлөгөөнд оролцож, хоорондоо судалгааны ажлаа танилцуулж, хэлэлцүүлэн санал солилцдог. Тэндээс гарсан санал, зөвлөмжөө нийслэлийн холбогдох мэргэжилтнүүдэд хүргүүлнэ. Харин тэр зөвлөмж цааш хэрхэн дамжиж, хэн авч хэрэгжүүлж байгаа нь тодорхойгүй үлддэг.
Зарим хуралд нийслэлийн удирдлагууд ирж, нээлтийн үг хэлээд л яваад өгдөг. Магадгүй дараа нь бичгээр хүргүүлсэн зөвлөмжийг уншиж танилцдаг байх. Гэхдээ тухайн судалгааны ажлыг лабораторид нь ирж үзээгүй, бодитоор ямар технологи боловсруулсныг нь мэдэхгүй байхад цаасан дээрх зөвлөмжөөр бүхнийг ойлгоход хэцүү шүү дээ.
Судалгааны байгууллагын ажлын явц, үр дүнг шийдвэр гаргагчдад бодитоор танилцуулах боломж хэрэгтэй байна. Иргэдэд зориулсан үзэсгэлэн, танилцуулга зохион байгуулахад ч зардал шаардлагатай. Бид судалгааны төхөөрөмж, системээ задлаад хаа сайгүй авч явах боломжгүй учраас товч танилцуулгыг цаасан хэлбэрээр бусдад үзүүлж харуулах, ярилцах маягаар л танилцуулдаг.
-Судалгааны үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллагын оролцоо хаана хүрээд зогсдог вэ?
-Бидний үндсэн чиг үүрэг бол судалгаа, шинжилгээ хийх, шинэ технологи, шийдэл боловсруулах. Нэг судалгааг хийж, туршиж, ашиглах боломжтойг нь тогтоолоо гэхэд дараагийн шатанд түүнийг үйлдвэрлэх, олон нийтэд түгээх ажил эхлэх ёстой.
Бид судалгааны байгууллага болохоос үйлдвэрлэлийн газар биш. Боловсруулсан шийдлээ дахин дахин үйлдвэрлээд, айл бүрд хүргэх боломжгүй. Тиймээс судалгааны байгууллага, төрийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай.

Сэтгэгдэл бичих