Монгол Улс шатахууны хэрэглээндээ урт хугацаанд өөрчлөлт хийж, энгийн АИ 92 шатахуунаас үе шаттай татгалзан, Евро 5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхээр зорьж байна. Энэ хүрээнд Евро 5 шатахууны үнийг бууруулах, импортлогч аж ахуйн нэгжүүдэд олгох эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэхээр судалж байгаа аж.
Өнөөдөр Аж үйлдвэр эрдэс баялгийн яамны дэд сайд Б.Мөнхтамирын мэдээлэл өгөв. Ингэхдээ энгийн АИ-92 шатахуун үнийн хувьд хямд учраас иргэдийн дунд өргөн хэрэглэгддэг. Харин хүхрийн агууламжийн хувьд Евро-5 стандартаас ихээхэн зөрүүтэй аж.
Тэрбээр "Энгийн АИ-92 шатахууныг Монгол, Киргизстан улс л хэрэглэж байгаа. Алсдаа бид үүнээс татгалзах ёстой. Гэхдээ одоо шууд хэрэглээнээс халах боломжгүй. Энгийн АИ 92 шатахуун нь К2 стандартын ангилалд багтдаг бөгөөд хүхрийн агууламж нь 500 ppm байдаг бол Евро-5 стандартын шатахуунд энэ үзүүлэлт 10 ppm байдаг байна. Иймээс Евро 5 шатахууны үнийг энгийн АИ 92-той ойртуулах арга хэмжээ авах нь зүйтэй" гэсэн юм.
Мөн тэрээр “Аль болох Евро 92 шатахууны үнийг буулгах дээр анхааръя гэж ярилцлаа. Эхний ээлжид аж ахуйн нэгжүүдтэй уулзаж, эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх, цаашлаад Евро 5 төрлийн шатахууны үнийг ямар арга замаар бууруулах вэ гэдгийг ярилцаж, шийдвэр гаргана” гэв.
Одоогоор шатахууны үнийг бууруулах болон хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэх талаар эцсийн шийдвэр гараагүй байна. Мөн санхүүжилтийг улсын төсвөөс гаргах боломжгүй гэдгийг Сангийн яамнаас мэдээлжээ.
2028 он гэхэд шатахууны 3-4 сарын нөөц бүрдүүлнэ
Шатахууны үнийг бууруулах асуудлаас гадна ирэх жилүүдэд хомсдол үүсэхээс сэргийлж, урт хугацааны нөөц бүрдүүлэх байна.
Өнгөрсөн хугацаанд 19 аж ахуйн нэгж зээлийн санхүүжилтийн хүрээнд шатахууны нөөцийн сав барьж заримыг нь ашиглалтад оруулсан байна. Үлдсэн савнуудыг ирэх оны гурав, дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн 2027 оны төсөвт нөөцийн сав барих ажлыг үргэлжлүүлэхээр тусгасан гэв.
Ингэснээр 2028 он гэхэд 3-4 сарын шатахууны хэрэглээг хангах нөөцийн савтай болно гэсэн юм.
Эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэх нь шатахууны нөөцийг өсгөхөөс гадна Евро 5 стандартын шатахууны хэрэглээг нэмэгдүүлж, энгийн АИ 92 шатахууны хэрэглээг аажмаар бууруулахад чиглэж байгааг онцоллоо.
Харин шатахууны үнийг хэдий хэмжээгээр бууруулах, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газрын түвшинд эцсийн шийдвэр гараагүй бөгөөд судалж байгаа гэсэн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл бичих