Бага насны хүүхдүүд өөрсдийнхөөсөө том, хүнд цүнх үүрэн сургуульдаа явж буй дүр зураг бидний өдөр тутмын амьдралд ажиглагддаг. Гэвч хүүхэд өдөр бүр хүнд цүнх үүрэх нь нуруу, мөрөнд нь хэт их ачаалал өгч, биеийн зөв хөгжилд нь сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ асуудлыг хөндсөн МУБИС-ийн Судалгааны хүрээлэнгийн судалгаагаар сурагчдын цүнхний жин, түүний хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тодорхойлжээ. Судалгаанд нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн зургаан сургуулийн нийт 1,219 сурагчийг хамруулсан байна.
Судалгааны үр дүнгээс харахад 1–5 дугаар ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас давсан жинтэй цүнх үүрч байгаа нь тогтоогджээ.
Харин энэ үзүүлэлт 6–8 дугаар ангийн сурагчдын дунд 11.7 хувь, 9–12 дугаар ангийн сурагчдын дунд 4.3 хувьтай байна. Эдгээр үзүүлэлтээс харахад бага ангийн сурагчид цүнхний хэт их ачаалалд хамгийн их өртөж байгаа нь анхаарал татаж байна. Ялангуяа зургаан настай хүүхдийн хувьд бие махбодын өсөлт, хөгжил ид явагдаж байдаг тул цүнхний жин, хэмжээ, хийцэд онцгой анхаарах шаардлагатай. Хэт хүнд, том цүнх үүрэх нь хүүхдийн биеийн тэнцвэр, байрлалд нөлөөлж, мөр, нуруунд жигд бус ачаалал үүсгэдэг.
ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ ЦҮНХ СОНГОХДОО ЮУГ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Юуны өмнө цүнхний хэмжээ, жин нь хүүхдийн биеийн онцлогт тохирсон, өөрийнх нь биеийн жингээс хэт их ачаалал үүсгэхгүй байх нь чухал. Мөн хоёр мөрөнд ачааллыг жигд хуваарилах өргөн, зөөлөвчтэй оосортой, нуруунд сайн таардаг, оосрын уртыг тохируулах боломжтой үүргэвч сонгох хэрэгтэй.
Цүнхний доод хэсэг хүүхдийн бүсэлхийнээс хэт доош унжихгүй байх нь зүйтэй.
Харанхуй үед замын хөдөлгөөнд оролцохдоо харагдах байдлыг нэмэгдүүлэх гэрэл ойлгогч, цацруулагчтай цүнх сонгох нь хүүхдийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.
Цүнхний жинг бууруулахын тулд өдөр бүр зөвхөн тухайн өдрийн хичээлд шаардлагатай ном, дэвтэр, хэрэглэгдэхүүнийг авч явуулах хэрэгтэй. Хэрэгцээгүй ном, дэвтэр, тоглоом болон бусад зүйлсийг цүнхэнд нь хийж явуулахгүй байх нь эцэг эхчүүдийн зүгээс авч хэрэгжүүлж болох энгийн боловч үр дүнтэй арга юм.
Мөн боломжтой тохиолдолд сургуульд хүргэж өгөх, авахдаа цүнхийг нь үүрч өгөх зэргээр хүүхдийн өдөр тутмын ачааллыг багасгаж болно.
Гэхдээ сурагчдын цүнхний хэт их ачааллыг зөвхөн эцэг эхийн оролцоогоор шийдвэрлэх боломжгүй. Энэ нь сургууль, багш, боловсролын байгууллагын хамтын оролцоо шаардсан асуудал юм.
Судалгаанд оролцогчдоос сурагчдын цүнхний ачааллыг бууруулах боломжийн талаар санал авахад 35.3 хувь нь сургуульдаа ном, хичээлийн хэрэглэлээ үлдээх зориулалтын шүүгээтэй болох, 28.8 хувь нь ном, дэвтрийн ачааллыг бууруулах, 23.1 хувь нь хэрэгцээгүй зүйлсийг цүнхэндээ авч явахгүй байх шаардлагатай гэж үзжээ.
Энэ нь сурагчдын цүнхний ачааллыг бууруулахад сургуулийн орчин, хичээлийн зохион байгуулалт чухал үүрэгтэйг сануулж байна.
Тухайлбал, сургуулиуд сурагчдад зориулсан хадгалах шүүгээ бий болгох, хичээлийн хуваарь болон сурах бичгийн хэрэглээг оновчтой зохицуулах, багш нар тухайн өдөр авчрах шаардлагатай ном, хэрэглэгдэхүүний талаар тодорхой мэдээлэл өгөх боломжтой. Мөн сурах бичиг, ажлын дэвтрийн жин, хэмжээг хүүхдийн нас, биеийн онцлогт нийцүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Эцэст нь, хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжлийг хамгаалах нь зөвхөн эцэг эхийн бус, сургууль, боловсролын байгууллагын хамтын үүрэг юм.
Өдөр бүр үүрч явдаг цүнхний жин анзаарагдамгүй жижиг асуудал мэт боловч хүүхдийн тав тух, эрүүл мэнд, аюулгүй байдалтай чухал холбоотой.
Тиймээс хүүхдийн биед тохирсон цүнх сонгохоос гадна түүнд үүрүүлэх ачааллыг бодитоор бууруулахад гэр бүл, сургууль хамтран анхаарах нь чухал байна.

Сэтгэгдэл бичих