Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг баталж, хэрэгжүүлснээр улсын төсөвт 65.7 тэрбум төгрөгийн нэмэлт зардал үүснэ гэсэн тооцооллыг Сангийн яам гаргажээ. Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан бодит төсвийн ачаалал 1.8-2 тэрбум төгрөг орчим байх бөгөөд 60 гаруй тэрбум төгрөгийн зардал төсөвт үүсэхгүй гэдгийг УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн /2026.11.05/ хуралдааны үеэр онцлов.
Энэ талаар Сангийн сайд З.Мэндсайханыг орлож, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням холбогдох асуудлыг танилцуулсан.
Сангийн яамны танилцуулсан саналд УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы санаачлан боловсруулсан Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлын тооцоог тусгажээ. Тодруулбал, хуулийн төслийг хэрэгжүүлснээр төрийн байгууллагад 65.7 тэрбум төгрөг, хуулийн этгээдэд 18.2 тэрбум төгрөгийн зардал тус тус үүсэхээр тооцсон байна.
Гэхдээ хуулийн төсөлд тусгасан эрүүл мэндийн ажилтны нийгмийн баталгааг зохицуулсан хэсгийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардлыг дээрх тооцооны тайланд тусгаагүй, тодорхойгүй байгааг Сангийн яамнаас анхааруулав.
Мөн Төсвийн тухай хуулийг үндэслэн УИХ-аар гуравдугаар хэлэлцүүлгийг нь хийж байгаа Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуульд Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлыг тусгаагүй байна.
Тиймээс хуулийн төслийг баталж, хэрэгжүүлэхээс өмнө төсөвт үзүүлэх зардлын нөлөөллийг бүрэн тооцож, тодорхой болгох шаардлагатай гэж Засгийн газар үзжээ. Улмаар дараагийн жилүүдэд төсвийн орлогын боломжтой уялдуулан хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн саналыг танилцуулсан байна.
Харин хууль санаачлагч УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан төсөвт үүсэх ачааллыг 65.7 тэрбум төгрөгөөр тооцож буйтай санал нийлэхгүй байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр энэ талаар “Төсөв дээр очих ачаалал гэж ярьж байна. Ер нь яг бодит очих ачаалал маань 1.8-2 тэрбум орчим төгрөг байгаа. Түүнээс биш 60 гаруй тэрбум төгрөгийн ачаалал төсөв дээр өгөхгүй гэдгийг хэлье” гэв.
Ийнхүү Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийн зардлын талаар Сангийн яам болон хууль санаачлагчийн танилцуулсан тооцоолол зөрүүтэй байгаа юм. Нэг талаас Сангийн яам хуулийн төслийн төсөвт үзүүлэх нөлөөллийг бүрэн тооцож, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох шаардлагатай гэж үзэж байгаа бол нөгөө талаас хууль санаачлагч бодит зардал үүнээс хавьгүй бага байхыг тайлбарлаж байна.

Сэтгэгдэл бичих