АНУ-ын Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом тус мужид цаазаар авах ял сонссон бүх хоригдлын ялыг хугацаанаас өмнө суллах боломжгүй бүх насаар хорих ялаар солих шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр найман жилийн бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж, албан тушаалаа хүлээлгэн өгөхөөсөө өмнө уг шийдвэрийг зарлаж байна.
Одоогоор Калифорни мужийн шоронгуудад цаазаар авах ял сонссон нийт 548 хүн хоригдож буй. Тэдний 529 нь эрэгтэй, 19 нь эмэгтэй аж. Гэхдээ мужийн Үндсэн хуулийн дагуу нэгээс олон удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон хүмүүсийн ялыг хөнгөрүүлэхэд Дээд шүүхийн зөвшөөрөл шаардлагатай. Иймд нийт хоригдлын 382-ынх нь ялыг өөрчлөхөд шүүхийн шийдвэр хэрэгтэй болохыг захирагчийн ажлын албанаас мэдээлжээ.
Ньюсом энэ шийдвэрээ тайлбарлахдаа "Төр хүнийг цаазаар авах нь хүний амь нас, эрхийг хамгаалах ёстой гэсэн Калифорнийн зарчимтай зөрчилддөг" гэж мэдэгджээ.
Мөн цаазаар авах ялыг хэрэгжүүлснээр арьс өнгөөр ялгаварлах, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг шударга бусаар шийтгэх тохиолдол гарч болзошгүй гэж үздэгээ илэрхийлж байжээ.
Гэхдээ энэхүү шийдвэр нь гэмт хэргийн улмаас ойр дотнын хүмүүсээ алдсан хохирогчдын ар гэрийнхэнд дахин хүнд дурсамж, сэтгэл зүйн дарамт учруулж болзошгүйг Ньюсом хүлээн зөвшөөрсөн байна. Тэрбээр энэ шийдвэрийг карьерынх нь хамгийн хүнд сонголтуудын нэг байсан гэж тодорхойлж, гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг өөрөө бүрэн хүлээнэ гэдгээ мэдэгджээ. АНУ-ын Иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) уг шийдвэрийг сайшаасан байна. Тус байгууллагын гүйцэтгэх захирал Энтони Ромеро цаазаар авах ялыг арьс өнгөөр ялгаварласан, алдаа гарах магадлалтай, хүнлэг бус шийтгэл гэж тодорхойлсон байна. Мөн Калифорни муж энэ ялыг удаан хугацаанд хэрэгжүүлж ирсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзжээ.
Калифорни мужид 2006 оноос хойш нэг ч хүнийг цаазаар аваагүй бөгөөд 2019 онд Ньюсом цаазаар авах ялыг гүйцэтгэхэд хориг тавьсан юм. Гэсэн хэдий ч тухайн үед цаазын ялтай байсан хоригдлуудын ялыг өөрчлөөгүй тул тэд шоронд хоригдсон хэвээр үлдсэн. Харин АНУ-ын хэмжээнд одоогоор 27 мужид цаазаар авах ял хүчин төгөлдөр хэвээр байгаа бол 20 гаруй муж уг ялыг бүрмөсөн халжээ.
ЭХ СУРВАЛЖ: SKY NEWS

Сэтгэгдэл бичих