Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойд зориулсан “Монгол-Оросын харилцаа: Түүх, орчин үе, хэтийн төлөв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болов. Хурлын үеэр ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков хоёр улсын хамтын ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, Монголд үүсээд буй шатахууны нийлүүлэлтийн асуудлын талаар байр сууриа илэрхийллээ.
ОХУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиков "Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээний гол зорилго нь өнөөгийн хамтын ажиллагааны нөхцөл байдлыг үнэлж дүгнэх, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох явдал юм.
Өнөөдрийн хурлын нэг онцлог нь 1921-2026 оны хооронд Монгол, Оросын хооронд байгуулсан гэрээ, хэлэлцээрүүдийг эмхэтгэн дөрвөн боть бүтээл болгон хэвлүүлсэн явдал юм. Энэхүү эмхэтгэл монгол, орос хэлээр хэвлэгдсэн.
Миний хувьд Улаанбаатар хотоор алхах дуртай. Гадуур явж байхдаа шатахуун түгээх станцууд дээр автомашинууд дараалал үүсгэсэн байгааг анзаарсан. ОХУ-ын дотоодын түлш, шатахууны хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай байгаа хэдий ч Монгол Улсад шатахууны нийлүүлэлтээ үргэлжлүүлсээр байна. Нисэхийн түлш, автобензин, дизель түлш зэрэг бүх төрлийн газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт өсөн нэмэгдэж байна.
Монгол Улсад үүсээд буй шатахууны хомсдол хоёр үндсэн хүчин зүйлтэй холбоотой гэж бодож байна.
Нэгдүгээрт, шатахуун хадгалах сав, агуулахын хүчин чадал хангалтгүй байна. Энэ чиглэлээр хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрүүд гарсан боловч хэрэгжилт нь хангалтгүй байна гэж үзэж байна.
Хоёрдугаарт, ОХУ-аас шатахуун импортолж буй компаниуд бүтээгдэхүүний түгээлт, борлуулалтыг шаардлагатай хэмжээнд, шуурхай зохион байгуулж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл борлуулалтын сүлжээний хөгжил хангалтгүй байна гэж харж байна.
Түүнчлэн хоёр улсын хооронд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай, нисэхийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хоёр хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн. Эдгээр хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад шатахуун импортлогч компаниуд ОХУ-аас нэг цонхны үйлчилгээгээр түлш худалдан авах боломжтой болсон.
Мөн шатахууны ачилтын хувьд Оросын төмөр зам болон Улаанбаатар төмөр замаар дамжин тээвэрлэгдэх ачаанд давуу эрх олгож байгаа бөгөөд түлш, шатахууны ачилтыг тэргүүн ээлжид гүйцэтгэж байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих