Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ болон аппликейшнээр олгох зээлийн сарын хүүгийн дээд хэмжээг 4.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбоотойгоор тус хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнтэй ярилцлаа.
-Арилжааны банкууд хэрэглээний зээлийг хязгаарласнаар ББСБ-ын зээлийн аппликейшн рүү иргэдийг түлхсэн гэдгийг эдийн засагчид хэлж байна. Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй хэчнээн ББСБ болон аппликейшн иргэдэд зээл олгож байна вэ?
-Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн тусгай зөвшөөрөл авсан 583 хуулийн этгээд байна. Үүнээс 519 ББСБ нь зээлийн үйл ажиллагааны зөвшөөрлийн хүрээнд үйлчилгээ үзүүлдэг. 84 ББСБ цахимаар болон уламжлалт хосолсон хэлбэрээр зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Банк бус санхүүгийн байгууллагуудаас олгосон нийт зээлийн үлдэгдэл 8.2 их наяд төгрөг байна. Энэ мөнгөн дүнг арилжааны банкны салбартай харьцуулахад 16.6 хувийг эзэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, банкны салбартай харьцуулахад бага гэсэн үг.
Монгол Улсад 2017 оноос банк бус санхүүгийн байгууллагууд аппликейшнээр дамжуулан цахим зээлийг иргэдэд олгож эхэлсэн.
Энэхүү цахим зээлийн онцлог нь Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоосон өр орлогын харьцааны хүрээнд бага хэмжээний хүүтэй зээлийг орон зайнаас үл хамаарч, түргэн шуурхай, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр олгодог. Нэг зээлдэгчид эзлэх зээлийн дүн бол 915 мянган төгрөгийн дундажтай байдаг. Өндөр мөнгөн дүнтэй зээл олгодоггүй гэдэг нь эндээс харагдаж байна.
-Нэг зээлдэгч 10 гаруй аппликейшнээс мөнгө зээлэх тохиолдол бүртгэгдэж байгааг албаныхан мэдээлсэн. Энэ нь эргээд иргэд зээлээ төлж чадахгүй, санхүүгийн дарамтад орох эрсдэл үүсч байна. Давхар зээл олгодог байдлыг цэгцэлж, хяналт тавих боломжтой юу?
-Цахим зээлийн аппликейшнүүд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино хугацааны хэрэглээгээ хангах зэрэг давуу талтай боловч сүүлийн хоёр жилийн хугацаанд цахим зээлийг давхар олгох эрсдэл бий болж байна. Тиймээс Санхүүгийн зохицуулах хорооноос ББСБ-ын зээлийн үйл ажиллагааны журамд "Цахим зээл олгож байгаа ББСБ-ууд зээлийн мэдээллээ бодит цагийн горимоор нийлүүлнэ" гэдэг шаардлагыг тусгаж өгсөн. Гэсэн хэдий боловч хяналт тавихад хүндрэлтэй хэвээр байна. Шалтгаан нь Зээлийн мэдээллийн сангаас өр орлогын харьцаагаа тооцохын тулд иргэдийн мэдээллийг авдаг.
Гэтэл ББСБ, арилжааны банк, хадгаламж зээлийн хоршоод мэдээллээ бодит цагийн горимоор өгөх боломж нь хязгаарлагдмал байсан учраас энэ төрлийн эрсдэл нэлээд хуримтлагдсан.
Монголбанкнаас энэ асуудалд анхаарч, 2026 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс өмнө нь зээлийн мэдээллийг хүлээж авдаг байсан хоцрогдсон системээ бүрэн шинэчилж, орчин үеийн систем рүү шилжүүлэх ажлыг эхлүүлсэн. Ингэснээр иргэдийн зээлийн мэдээллийг бодит цагийн горимоор нийлүүлэх боломж бүрдэх юм.
Зөвхөн ББСБ гэлтгүй арилжааны банкны зээлүүд ч хамаарна. Тийм учраас зохицуулагч байгууллагууд цахимаар давхар зээл олгож байгаа асуудлыг цэгцэлж, үр дүн нь жилийн эцсээр гарч эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.
Цахим зээлийн давхардлыг арилгахын тулд журамд зээлийн мэдээллийн лавлагааг бас ашиглах зохицуулалтыг оруулсан. Жишээлбэл, нэг зээлдэгч сүүлийн 24 цагийн дотор 5 ББСБ руу зээл судлуулах хүсэлтээ илгээсэн бол тэр мэдээлэл нь зээлийн мэдээллийн лавлагаан дээр харагддаг болно. Тэгэхээр зургаа дахь ББСБ тэр зээлдэгчийн зээлийг судлах хүсэлтийг 24 цагаар хойшлуулж, дахин судалгааг эхлүүлэхдээ өмнөх таван ББСБ-аас зээл авсан байвал татгалзаж, эрсдэлээс сэргийлэх боломжийг зааж өгсөн.
-Аппликэйшний зээлтэй иргэдийн тоо 3.2 сая. Харин нийт өрхийн 72 орчим хувь буюу 738 мянган өрх ямар нэг хэлбэрийн зээлтэй гэх мэдээлэл байдаг. СЗХ-ны сүүлийн үеийн тоон мэдээллээс дурдвал?
-Улсын хэмжээнд иргэний эрх зүйн чадамжтай 2.3 сая иргэн байна. 2026 оны есдүгээр сарын 30-ны байдлаар ББСБ-уудын давхардаагүй зээлдэгчдийн тоо 811,828 байна. Тэгэхээр 35.3 хувь нь ББСБ-ын харилцагч юм. Нийт салбарын чанаргүй зээлийн хувь хэмжээ 9.4 хувь байгаа. Чанаргүй зээлийн хувь хэмжээ бага зэрэг нэмэгдэх төлөвтэй байна. Өмнөх жилийн мөн үе буюу 2025 оны гуравдугаар улирлын байдлаар чанаргүй зээлийн хувь хэмжээ 8.9 хувьтай байсан бол энэ жилийн хувьд 0.5 хувиар нэмэгдээд байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн долоо хоногт ББСБ-уудын зээлийн хувь хэмжээнд тааз тогтоож өгсөн.
Энэ таазыг сарын 4.5 хувиас хэтрэхгүй байхаар заасан. Энэ хувь хэмжээг СЗХ-ны хяналт зохицуулалтад байдаг мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар олгосон эрхийн хүрээнд тогтоосон ийм хувь байсныг ББСБ-уудад мөрдүүлж ажиллахаар тусгасан.
Хэрвээ 4.5 хувиас өндөр хувиар зээл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, улмаар хүчингүй болгох арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн.
Энэ шийдвэрийг 2026 оны аравдугаар сарын 21-ний өдрөөс хэрэгжүүлж эхлэхийг даалгасан. Хэрэгжилтийг хангуулж ажилласан талаарх мэдээллийг аравдугаар сарын 31-ний өдөр СЗХ-нд ирүүлэхийг үүрэг болгосон. ББСБ-ууд 4.5 хувийн зээлийн хүүгийн таазыг үйл ажиллагаандаа мөрдөж эхэлсэн гэсэн үг. Түүнээс дээш хувиар зээл олгох боломжгүй.
-ББСБ-ууд 4.5 хувиас өндөр хувиар зээл олгосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, улмаар хүчингүй болгох арга хэмжээг авна гэлээ. Иргэдэд өндөр хүүтэй зээл олгосон хэчнээн байгууллага байна вэ?
-Энэ шийдвэрийг гаргасан шалтгаан нь СЗХ-нд бүртгэлтэй 80 гаруй аппликейшнээр дамжуулан цахим зээл олгодог ББСБ-ууд дотор үйл ажиллагааны цар хүрээ жижиг байгууллагууд 4.5 хувиас дээш хүүтэй зээл олгож байсан нөхцөл байдал шалгалтаар тогтоогдсон. Тийм учраас энэ зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгч байгаа юм. Тодруулбал, өндөр хүүтэй зээл олгосон байж болзошгүй 20 орчим ББСБ-д шалгалт хийж, үр дүнгээс шалтгаалан зээлийн хүүгийн хязгаарыг тогтоож өгсөн учраас шийдвэрийг биелүүлж ажиллах үүрэгтэй. Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар барьцаалан зээлдүүлэх журмаар зээл олгох хуулийн этгээд мөн байнга ашиг олох зорилгоор зээл олгодог иргэдэд хамааралтай хууль.
Тэр иргэдийн нэрлэдэг ломбард, ашиг олох зорилготой иргэд 4.5 хувиас хэтрэхгүйгээр зээл олгох, хууль хэрэгжиж эхэлсэн 2023 оны гуравдугаар сарын 1-нээс хойш хэрэгжүүлээд ажиллаж байна.
Монгол Улсад Мөнгөн зээлийн үйл ажиллагааны тухай хууль батлагдсанаар үндсэндээ зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээдэд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн. Түүнээс дээш буюу сарын 4.5 хувиас дээш хүүтэй зээл олговол түүнийг мөнгө хүүлэлт гэж үзэх үндэслэлтэй. Тэгэхээр ломбард, ББСБ-ууд 4.5 хувийн зээлийн хүүг үйл ажиллагаандаа хэрэгжүүлээд эхлэхээр хэт өндрөөр иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан, тулгасан зээлүүдийг хязгаарласнаар мөнгө тодорхой хэмжээнд хумигдана гэж үзэж байгаа. Зээлийн хүүгийн таазыг дэлхийн олон оронд тогтоосон жишиг байдаг. Тодорхой тоо тавьж тогтоох, эдийн засгийнхаа нөхцөл байдлыг хараад СЗХ-ны дэргэдэх Мөнгөн зээлийн бодлогын зөвлөлөөс хувь тогтоодог ч жишиг бий. Монгол Улсад ч гэсэн өмнө нь зээлийн хүүгийн таазтай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг санаачилж байсан тохиолдол байдаг.
-Цахим залилангийн асуудал дээр цагдаагийн байгууллагатай хэрхэн хамтран ажилладаг вэ?
-Цахим залилан гэхээр маш өргөн хүрээний асуудал болно. Зөвхөн ББСБ-тай холбоотой цахим залилангийн талаар мэдээлэл өгье. Ер нь технологид суурилсан хэлбэрээр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд амар хялбар, хурдан шуурхай орон зайнаас үл хамаарч олгож эхэлсэнтэй холбоотойгоор цөөн тооны өргөдөл гомдол ирсэн. Энэ нөхцөл байдлыг судалж үзэхэд гэр бүлийн гишүүд нь өөрийг нь мэдээгүй байхад хувийн мэдээллийг нь ашиглан, танин баталгаажуулалт хийж, зээл авсан тохиолдол дийлэнх тохиолдлыг эзэлж байна. Иймээс юун түрүүнд иргэд өөрсдийн эмзэг, хувийн мэдээллийг хамгаалж, залилах эрсдэлээс өөрсдийгөө урьдчилан сэргийлж, хариуцлагатай хандахыг уриалмаар байна.

Сэтгэгдэл бичих