"Хүнс хөдөө, аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу хууль зөрчиж нүүлгэсэн. Буцаад хот руу нүүлгэх гэтэл хуучин байрыг нь түрээслэчихсэн байгаа учраас ажилчид нь түрээсийн байранд ажиллаж байна" гэж УИХ-ын гишүүн М.Мандхай хэлэв.
Тэрбээр энэ талаар "Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтын мэдээллийн тайлан нээлттэй байгаа. Тодруулбал, хяналт шалгалтаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг Дархан-Уул аймаг руу хууль зөрчиж нүүлгэсэн, хөдөө аж ахуйн биржийн ашгийг хоргодуулаад тэндээс мөнгө гаргуулсан асуудал нь хүртэл тухайн тайланд байгаа. Энэ асуудлыг шалгаад асуудал байгаа бол хариуцлага ярих ёстой. Хэн нэг улстөрчийн шийдвэрээс болоод гарсан зарцуулалтын мөнгийг яагаад татвар төлөгчид үүрэх ёстой юм.
Одоогийн сайд нь эндээ ажлаа явуулах гээд ажилчид нь хотод нүүгээд ирчихсэн, түрээсийн байранд ажиллаж байна. Яагаад гэвэл өөрсдийн байраа алдчихсан. Үүн дээр хариуцлагын асуудал ярих шаардлагатай.
2027 оны төсөвт тус яамны төсөв дээр тайлбаргүй оруулж ирсэн 36 тэрбум төгрөгийг сайдаас нь асуусан. Тоног төхөөрөмж, компьютер авсан гэсэн. Гэтэл 15 тэрбум төгрөгийг дорвитой тайлбарлаагүй, бөөрөнхийлсөн. Нэгбүрчлэн тайлбарласан задаргаа байх ёстой. Хөдөө аж ахуйн яамны ажилчид хэлж байгаа. “Энд тухгүй байгаа, түрээсийн байранд ширээ сандал багтахааргүй байна” гээд хэлж байна. Хөдөө аж ахуйн яамны төсөвт хэмнэж болох төсвүүд харагдаж байна лээ. Тухайлбал, "Шинэ ховд" аж үйлдвэрийн паркийн төсөл бараг 50 орчим тэрбум төгрөг тусгасан байна. Энэ нь шууд үр дүнгээ өгөхгүй. Гэтэл хамгийн тулгамдаж байгаа асуудал малын эрүүл мэнд байна. Вакциныг нөөцлөх шаардлагатай. Мөн малын эмч нарын цалин, гүйцэтгэлийг өгөх. Дээрээс нь зарим урамшууллын мөнгийг одоо болтол олгоогүй байгаа. Тодруулбал, малчид нь гүйцэтгэлээ хийсэн байхад сүүний урамшууллыг өгөөгүй байна. Энэ мэт эхлээд шийдэх асуудлууд байна. Төсвийг тэлж байгаад нийгмийн асуудлыг шийдэх нь буруу гэж хэлмээр байна" гэлээ.

Сэтгэгдэл бичих