Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн зургаа хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ажил эрхэлдэг эцэг, эх, асран хамгаалагч ажлын тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө авах, эсвэл зайнаас ажиллах боломжтой. Энэ зохицуулалт 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс 2027 оны гуравдугаар сарын 1 хүртэл хэрэгжинэ.
Засгийн газрын 2026 оны 398 дугаар тогтоолоор баталсан уг зохицуулалтыг төсвийн байгууллагууд хэрэгжүүлэх бол хувийн хэвшил, төрийн бус байгууллагын ажил олгогчдод мөн адил хэрэгжүүлэхийг уриалжээ.
Энэ зохицуулалт нь томуугаар өвдсөн бага насны хүүхдээ асрах шаардлагатай эцэг, эхчүүдэд ажлаа зохицуулах боломж олгох юм.
Томуу, томуу төст өвчний мэдээлэл
Эрүүл мэндийн яамны аравдугаар сарын 28-ны мэдээллээр томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 77.1 хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Үүний 49.6 хувийг тав хүртэлх насныхан эзэлжээ.
Мөн амьсгалын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдийн 81 хувь нь 15 хүртэлх насны, 65.3 хувь нь тав хүртэлх насны хүүхэд байна.
Түүнчлэн томуугаар өвдсөн хүүхдийг харьяа өрхийн эрүүл мэндийн төвд эмчийн заалтаар өдрийн эмчилгээнд хамруулах боломжтой. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд хүүхдийн өдрийн эмчилгээ болон гэрийн эргэлтийг эрчимжүүлэхээр болжээ.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Сэтгэгдэл бичих