Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар өнгөрсөн бямба гарагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олон тооны хууль бус үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдээлсэн. Энэ мэдээллийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг няцааж, өчигдөр /2026.10.27/ мэдээлэл хийсэн.
Тэрбээр “Ерөнхийлөгч Гачууртад олон амралтын газартай гэж ярьсан. Монгол Улсын Ерөнхийлөгч аялал жуулчлалын “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг. Энэ компани Гачууртад биш, Тэрэлжид байдаг. 10 гэр, арваад жижиг дүнзэн байшинтай. Энэ мэдээллийг ХОМ-доо тусгасан байдаг. Энд олон зуун тансаг зэрэглэлийн зочид буудал байхгүй“ гэсэн юм.
Аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эзэмшдэг бөгөөд энэ нь түүний Хөрөнгө, орлогын мэдүүлэгт тусгагдсан байна. Харин компанийн бусад хувьцааг Лувсандоржийн Болорцэцэг болон компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Ким Тэёны Энхтуул нар эзэмшдэг аж.
Тус компанийн эзэмшлийн “Бугат ресорт” жуулчны бааз нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын ойролцоо Бугатын аманд байрладаг. Улаанбаатар хотоос зүүн тийш 80 орчим километрийн зайд орших уг амралтын газар нь Хан Хэнтийн дархан цаазат газрын бүстэй хил залгадаг байна.

Сэтгэгдэл бичих