Тархины харвалтын үед цаг хугацаа маш чухал. Тархины судас бөглөрөх, эсвэл судас хагарч цус алдах гэсэн үндсэн хоёр хэлбэр байдаг бөгөөд аль ч тохиолдолд өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай.
Иргэд 103 дугаарт дуудлага өгөхдөө тухайн хүн тархины харвалт болсон байж болзошгүйг тодорхой хэлж, яаралтай тусламж хүсэх нь чухал. Ингэснээр эмнэлгийн ажилтнууд өвчтөний нөхцөл байдлыг харгалзан шаардлагатай тусламжийг шуурхай үзүүлэх боломжтой.
Мөн харвалтаар мэргэшсэн тасаг, эмч, эмнэлгийн баг ажиллах нь эмчилгээ, тусламж үйлчилгээний чанарт чухал нөлөөтэй. Монгол Улсад тархины харвалтын чиглэлээр мэргэшсэн тусламж үйлчилгээ хөгжөөд 12-13 жил болж байна. Энэ хугацаанд Эрүүл мэндийн яамны статистик мэдээллээр харвалтын шалтгаант нас баралт буурсан ч өвчлөлийн түвшин буураагүй байна.
Тархины харвалт нь нас баралтаас гадна хөдөлмөрийн чадвар алдалт, байнгын асаргаа шаардлагатай болох зэрэг ноцтой үр дагавартай. Өвчтөн өөрөө бие даан бие засах, өдөр тутмын үйлдлээ хийх боломжгүй болох тохиолдол бий. Үүний улмаас гэр бүлийн нэг гишүүн асаргаа хийх шаардлагатай болж, өрхийн орлого буурах, цаашлаад улсын эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлдэг.
Харвалтын үед бөөлжих, ухаан санаа өөрчлөгдөх зэрэг шинж тэмдэг илэрч болно. Бөөлжсөн зүйлдээ хахах эрсдэлтэй тул өвчтөний амьсгалын замыг хамгаалах, аюулгүй байрлалд оруулах нь чухал. Гэхдээ ухаан санаа нь өөрчлөгдсөн, залгиж чадахгүй байгаа хүнд ус, хоол, эм уулгаж болохгүй. Яаралтай тусламж дуудаж, диспетчер болон эмнэлгийн ажилтны зааврыг дагах хэрэгтэй.
Харвалтын шалтгаан, хэлбэрийн хувьд улс орнуудын хооронд ялгаа бий. Хөгжингүй орнуудад харвалтын 80-85 хувь нь судас бөглөрөх хэлбэртэй байдаг бол Монгол Улсад судас хагарч, тархинд цус алдах хэлбэрийн эзлэх хувь 51-52 хувь байна гэсэн тоон мэдээллийг эмч дурдсан. Үүний тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг нь артерийн даралт ихсэлт юм.
Иймээс даралтаа тогтмол хэмжих, эмчийн зааврын дагуу эмээ уух, даралт ихсэлтийг хяналтдаа байлгах нь тархины харвалтаас урьдчилан сэргийлэх чухал арга хэмжээ юм.
Харвалт зөвхөн өндөр настанд тохиолддог өвчин биш. 60 нас хүрээгүй аав нь харваж нас барсны дараахан 30 гаруйхан настай хүү нь мөн харвалтаар эмнэлэгт хүргэгдсэн тохиолдол гарч байгааг эмч онцоллоо. Энэ нь иргэд өөрийн болон ойр дотнын хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч, харвалтын шинж тэмдгийг таньж сурах шаардлагатайг харуулж байна.

Сэтгэгдэл бичих