Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол улам чухал болж буй бөгөөд энэ чиглэлд нэг байгууллага бус бүх талын оролцоо чухал болохыг Европын үзэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөл хэлж байна.
“Мэдээллийн орон зайд манипуляц хийдэг олон янзын арга техникүүд байдаг. Хиймэл оюун ухаан хямд аргаар хуурамч мэдээллийг бүтээх, түгээх хэрэгсэл болж байгаа бөгөөд олж илрүүлэхэд улам хэцүү болж байна. Хиймэл оюун ухааны ашигласнаар хурдтайгаар хуурамч мэдээллийг түгээх боломж нь нэмэгдсээр байгаа тул хамтын оролцоогоор хязгаарлах боломжтой” гэдгийг Европын комиссын Гадаад харилцааны албаны бодлого хариуцсан ажилтан Рок Кожель онцолсон юм.
Монгол Улсын хувьд хуурамч мэдээллийг бэлтгэж, түгээж байгаа хамгийн том “дайсан” нь улс төрчид болохыг судалгаанд дурдсан байдаг. Тэгвэл Европын комиссын хувьд үүнээс гадна технологи маш хурдацтай, хямд төсөр нэг хэрэгсэл болж буйг тодотгож байв.
Европын Холбооны санхүүжилтээр Хэвлэлийн Хүрээлэнгээс Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран 2026–2028 онд хэрэгжүүлж буй “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж, Монголын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд Монгол Улсын Их Хурал, Төрийн захиргааны төв болон зохицуулах байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комисс, эрдэм шинжилгээ, боловсролын байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын төлөөллөөс бүрдсэн 16 хүний бүрэлдэхүүнтэй баг Бельги, Швед улсад ажиллан, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол, хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан засаглал, иргэдийн мэдээлэлд суурилсан оролцоог дэмжих бодлого, институтийн зохицуулалт, хэрэгжилтийн туршлагатай танилцлаа.

Сэтгэгдэл бичих