ХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ


10-р сарын 20
10 цаг 31 минут

 

Ярилцсан Д.УЛААНХҮҮХЭН

Баяндэлгэр сумын дунд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Р.Дэлгэрцогттой ярилцлаа.

Түүнтэй ярилцсаны дараа багш хүн гэж зөвхөн хичээл заадаг хүнийг биш хүнээр хүн хийдэг, хүүхдүүдийг амьдралын ухаан сургахад бүхий л ур ухаан, арга туршлагаа өвлүүлдэг хүнийг ЖИНХЭНЭ БАГШ хэмээн нэрийдмээр санагдав.

Сумын сургуульд насаараа багшилсан Р.Дэлгэрцогт багшийг хөдөө нуугдсан эрдэнэ аятай нам гүмхэн сургалтаараа хүмүүжил олгодог амой.

           Та Баяндэлгэр сумынхаа сургуульд Монгол хэл уран зохиолын багшаар 38 жил ажиллажээ. Нэг суманд, нэг сургуульд ийм олон жил ажиллахад монгол хэл уран зохиолын хичээлийн чанар хүртээмж ямар байдаг бол?

          - Улсын Багшийн дээд сургууль төгсөөд 1988 оноос төрөлх сумын сургуульдаа ирж багшилсан. Намайг шинэ багш байхад 1990 оноос монгол бичиг сургалтын программд орж зааж эхэлсэн. Миний хувьд ч монгол бичгээ заах сонирхолтой байлаа. Тэр цагаас үндэсний бичгээ голлон заасаар ирлээ. Гурван жил ажиллаад “Хөдөлмөрчдийг монгол бичигт хамгийн олноор сургасан багш” гэсэн өргөмжлөл аймгаас авч байлаа. Хүүхдээс гадна сумын иргэдэд, насанд хүрсэн хүмүүст монгол бичиг заана. Хичээлээс гадуур Монгол бичгийн улсын олимпиадад миний шавь 5 дугаар ангийн хүүхэд тэргүүлж, улсад 4-р байр эзэлж байлаа. Манай сумынхан монгол бичигтээ сайн, гайгүй сурсан байдаг. Монгол хэлний болон бага ангийн миний олон шавь нар маань сургуулиа төгсөөд одоо хамт ажиллаж байна. Манай сургуулийн хүүхдүүд монгол бичигтээ дөнгүүр шүү. Олон хүүхэд 800 оноо авсан байдаг. Жил бүр өндөр оноо авдаг. Манай сургууль 9 жилийн сургалттай байлаа. Ахлах сургууль болоод найман жил болж байна. Миний хичээл зааж байсан хүүхдүүд 8 дугаар анги төгсөөд цаашид суралцаж, монгол хэл уран зохиол, нийгмийн талын мэргэжил эзэмшээд сургуульдаа ирж ажиллаж байна, тэд сайн багш болох төлөвтэй. Аймгийн 10 жилд очсон манай сургуулийн хүүхдүүд монгол бичгээр дээгүүр байранд шалгардаг. Миний хувьд өөрөө 2022 онд билүү дээ анхны 800 оноог авч байлаа.

       Та Монгол хэл уран зохиолын хичээлийг заадаг арга барилаасаа ярина уу. Танай сургуулийн хүүхдүүд энэ талын хичээлдээ илүү байдаг нь нэг учиртай байх?

     - Манай хүүхдүүд монгол бичгийг бусдаас илүү чадварлаг сурсан байдаг. Хичээлийн программд тусгагдсан заах ёстой зүйлээ л заадаг. Аймгийн олимпиадад ч дээгүүр оноо авдаг. Яг миний туршлага, хичээл заадаг арга барил гээд яриад байх зүйл байхгүй. Ер нь аливаа зохиолын дүрийг задалж, хүүхдүүдийг яриулж, харилцан ойлголцол олгохыг хичээдэг. Дээр үед шүлэг их цээжлүүлдэг байлаа. Одоо энэ нь багассан. Хүүхдүүдийг чөлөөтэй харилцан ярилцаж, бие биетэйгээ харьцаж яриулж сурган, хэл ярианы чадвар сайтай болгоход анхаардаг. Одоогийн хүүхдүүд ярих дуртай. Наяад оны хүүхдүүд ярихгүй, толгойгоо илээд л тонгойж зогсдог байв. Харин одоо хүүхдүүд их мартамхай болж буй нь ажиглагддаг. “Би мартаагүй байхад та нар яагаад мартаад байгаа юм” гэж хэлдэг. Ангидаа ойлгож авснаа маргааш нь эргээд ярьж чаддаггүй мартчихсан байдаг. Нийтдээ л тийм юм. 

     Эх хэлээрээ зөв сайхан уншиж, бичдэг чадвар олгох нь чухал болоод байна. Үүнийг хэрэгжүүлэх ажлууд төр, хувийн хэвшлийн зүгээс хийж байна?

      -Сургалтын стандарт нь уг нь тийм юм. Зөв сайхан ярьж, бичдэг чадвартай болгоход анхаардаг. Гэхдээ хүүхэд бүрд тийм дадал чадвар суулгана гэдэг хэцүү л дээ. 

        Уран зохиолын хичээлийг программаас хасах яриа гардаг нь хамгийн буруу бодлого гэж санадаг. Та ямар бодолтой байна?

        - Уран зохиолоос жинхэнэ амьдралын ухааныг олж авдаг гэж боддог. Хүнийг таних, зөв амьдрах, гоо зүйн хүмүүжил олж авна. Зөв сайхан бичиж, зөв ярьж чадахгүй байгаад эмзэглэж явдаг. Сайхан болоод муухай бүхнийг хүүхдүүд уран зохиолоос л олж авна. Манай хүүхдүүд Улаанбаатар хотод шилжиж очоод “багшаа би ангидаа тэргүүлж байгаа шүү” гэж ярьдаг. Сумандаа тийм ч сайн сурлагатай гоц гойд хүүхэд байгаагүй, жирийн л дундаж сурлагатай хүүхэд тэгж л ярьдаг. Тэгэхлээр манай сургуулийн сурлагын чанар гайгүй түвшинд байна даа гэж боддог.  

       Сумын сургуульдаа олон жил багшилсан та ирэх жилээс гавьяаныхаа амралтад гарах дөхөж байна. Ямар бодол, тэмүүлэлтэй байна?  

        - Төрж өссөн сумандаа, эрдэм ном сурч боловсорсон сургуульдаа насаараа ажиллана гэдэг сайхан болоод ховор тохиол юм. Хүүхдүүдийнхээ аав ээжийг нь сайн таньдаг, тэдний олонх нь миний шавь нар байна. Сумын хэмжээнд болон сургуулийн орчинд таньж мэдэхгүй зүйл бага, тэгээд ч чөлөөтэй сайхан байдаг. Манай сургуулийн бүх хичээлийн сургалтын чанар сайн байдаг. Хүүхдүүд маань их дээд сургууль төгсөөд эргээд сургуульдаа ирээд ажиллаж байна. Тэд орчноо сайн мэдэж байгаа, бас ажиллахад амар дөхөм байдаг байх аа.  

      Харин манай сургуулийн анги танхим, материаллаг баазын хувьд хүндхэн талдаа байна. Тэтгэвэрт гарахаасаа өмнө шинэ сайхан сургуульд орно гэсэн бодолтой олон жил явлаа. Анх 4 дүгээр ангид орж байсан сургуулийн барилга маань хуучирч муудан, тэтгэвэрт гартлаа ажиллаж байна. 1977 онд шүү дээ. 

     Та багшаас өөр ажил хийж байв уу?

     -Сургуулийн захирлаар 1993-1996 онд 3 жил, мөн сумын ИТХ-ын даргаар 2000-2002 онд ажиллаж байлаа. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч байлаа. Тэгээд эргээд л сургуульдаа багшаар хүрээд ирсэн. Явж явж багшийн ажил сайхан шүү дээ. Бас сумын ард түмэн ч “та боль, багшаа л хий” гэсэн. 

     Баяндэлгэр сум аймагтаа томоохон сумын нэг. Бусад сумдаас онцлох давуу тал юу вэ?

         -Манай сумынхан үнэхээр хөдөлмөрч, амьдралын ухаантай, овсгоотой сэргэлэн ард түмэн. Хүүхдүүд нь ч адилхан. 1990 оны үед аймагтаа хамгийн олон мотоциклтой сум байлаа. Тэр үед манай суманд 100 гаруй мотоцикл байлаа. Одоо харин машиныхаа тоогоор ч тэргүүлэх байх. 2000 оны үед ган гачиг болж манай сумын малчид отор нүүдэл хийгээд бүр Эрдэнэцагаан, Сүхбаатар, Асгат, Онгон сумын нутагт очсон. Зарим нь цаашаа Дорнодын Матадын нутагт орсон байх. Таван жил орчим сумаараа л нүүсэн дээ. Сумын төв эл хуль болж байсан. Тэр үед сургуульдаа багшилж байлаа. Ер нь бусад сумдын малчидтай харьцуулж харахад манай малчид машин тэрэг, мотоцикл олонтой, амьжиргааны түвшин нь дээгүүр, амьдрах ухаан сайтай юм шиг санагддаг. Манай малчдаас бусад сумын малчид амьдрах ухааны талаар олон шинэ санаа олж авсан байх шүү.

       Боловсролын системийг хүмүүс их шүүмжилдэг болжээ. Шүүмжлэхээр ч харагдах юм?

       -Боловсролын тогтолцоо нь ойр ойрхон өөрчлөгдөх юм. “Шавь төвтэй сургалт” гээд сургууль, хүүхдүүдийг ёстой бужигнуулаад орхисон. Суудалгүй болгоод л, бидний хичээл дээр ирж суугаад л “та уламжлалт хуучнаараа хичээл зааж байна, заах арга барилаа өөрчил” гээд л. 2010 оны үед юм. Хүүхдүүд ангидаа ноцолдож байг. Тэр хамаагүй, та зөвхөн хичээлээ л заа гэдэг байлаа шүү дээ. Олон янзын туршилтыг үзэж өнгөрлөө. Олон зүйл өөрчлөгдөж байна даа. Түрүүчээс нь мартсан байна. 

         Нийгэм өөрчлөгдөж байна. Баяндэлгэр сумын үе үеийн удирдлагууд сумын хөгжил дэвшлийг өөрчлөхөд чиглэгдсэн дорвитой зүйл юу хийж бүтээв. Ахмад багш хүний хувьд та юу гэж дүгнэх вэ?

          -Сумын хөгжлийг дотроос нь харвал бас л сул дорой, хоцрогдож байна даа. Төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, хөрөнгө оруулалт нь хомсхон байна. Ер нь хөдөөд худалдаа арилжаа, бизнес эрхэлж буй хэдхэн хүн, тэдний мэдлийн цөөн дэлгүүр, хоолны газар л байна шүү дээ. Бас дээр нь малчид маань сумын хөгжлийн нүүр царай болж байна. Уул нь бидэнд хөгжлийн бэлээхэн туршлага байна. Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт яаж хөгжиж ирсэн билээ. Өмнө нь ямар байлаа. Бид бүгдээрээ л харж, мэдэж байгаа. Гэтэл хөдөөгийн сумд тэгж хөгжиж чадахгүй л байна. Төсөв нь хомс, хаалттай. Сумын удирдлага зөвхөн төсвөө хараад гараа хумьж суувал сумаа хөгжүүлж чадахгүй ээ. Манай сумын хөгжил бусдаас арай л доогуур байх шиг. Уул нь жаахан дэмжээд өргөөд өгвөл хөгжих дэвшил нь ойрхон байх шиг. Ард иргэд, хүмүүсийн амьжиргаа ч тэр дэмжээд өгвөл амархан дээшээ гарах ухаалаг ард түмэн шүү.

             Ирэх жил гавьяаны амралтдаа гараад юу хийхээр төлөвлөж байна. Нутагтаа байх уу?

         -Нутагтаа л амьдрах байх даа. 1990 онд төгсөөд ирэхэд картын бараатай, нэлээд хүндхэн байсан. Миний ах дүү нар бүгд төвөөр байдаг. Та юугаа хийгээд нутагтаа байгаад байгаа юм бэ гэдэг. Манайх яах вэ дээ хэдэн малтай, саалийн үнээтэй айл. Тэр хэдэн малаараа амьжиргаагаа авч явна. Бас адуутай. Хурдан морь уядаг. Хөдөөгөөсөө холдож чадахгүй хорогдоод байгаагийн давуу тал тэр юм. Надад өөр бизнес байхгүй. Ганц багшийн цалин хүрэлцэхгүй шүү дээ. Нэг үе хүндхэн байлаа даа. Үнээгээ саагаад зундаа цагаан идээгээ хэдэн хүүхдэдээ өгчихнө. Манайх 3 хүүхэдтэй. Хүүхдүүдээ сургууль соёл дүүргэлээ. 

         Баяндэлгэр сумын ард түмэн ажилсаг, ухаалаг гэж дээр хэлсэн. Энэ нь юутай холбоотой бэ. Газар нутгийн онцлог байна уу?

         -Манай сумын ард түмэн ажилсаг, малч түмэн. Чухам юундаа байдаг юм сайн мэдэхгүй ээ. Газар нутаг, бэлчээр ус ч нөлөөлдөг л биз. Эрт дээр үеэс малч ухаантай учраас малаа сайн өсгөсөн. Хөдөлмөрч, ухаалаг ард түмэн. Гар хумхиж зүгээр суухгүй. Ёстой л шоргоолж шиг л ажиллана. Манайх мал олонтой сумдын нэг нь байлаа. Зуднаар олонх малаа алдсан. Малаа өсгөж чадна гэдэг малч ажиллагаатай холбоотой. 

        Таны багшаар ажилласан 40 жилийн шавь нар гэвэл олон байх. Мэргэжлээ өвлүүлсэн шавь хэр олон бол. Багш нарын баярыг урьдаас хүсэн хүлээж тэмдэглэдэг үү?

       -Монгол хэл уран зохиолын залуу багш, шавь нар олон болжээ. Хамт ажиллаж байна. Шавь нартайгаа бараг л үеийн хүн шиг л байдаг ч шавь нар маань цаагуураа хүндэлдэг байлгүй дээ. 

          Багш нарын баяр болдгоороо л болдог. Нэг их хүсэн хүлээгээд байдаггүй. Хуучин өвөл 2 дугаар сард болдог байлаа. Одоо 10 сард болж байгаа нь нэг л тохиромж муутай юм шиг. Хичээлийн жилийн эхэнд таарч байна. Уул нь 2 дугаар сардаа тэмдэглэх нь зүгээр юм шиг санагддаг. 

     Захирал байхдаа та хэрхэн ажилладаг байсан бэ. Яг ингэж чиглүүлж ажиллавал сургалтын чанарыг дээшлүүлэх боломж байна даа гэж харж байсан уу?

          -Харж байсаан. Хоёр жил гаруй хийгээд өөрийн хүсэлтээр захирлын ажлаа өгсөн. Тэр үед 30 хүрээгүй залуу байлаа. Хамт олон маань надтай маш сайн хамтарч ажилладаг байсан. Хувийн, ар гэрийн гачигдлаар ч гэх юм уу, Захирлаас багшаа хийх нь зүгээр юм шиг санагдсан. Тэгээд л өгсөн юм. Больё гээд л больсон. Тэрнээс биш намайг муу ажиллаж байна, энэ тэрээ гээд шахаж шаардсан зүйл байхгүй.

      Танай сургуульд шинэ барилга хэрэгтэй болжээ. Ер нь сумын төвийн төрийн байгууллагууд тамгын газар, эмнэлэг, соёлын төв гээд барилга байшин нь их муудаж?

      -Тийм шүү. Бүгд л барилга байшин нь удаан жил болсон, муудсан байгаа. Дам сонсож байхад Халзан, Наран гээд олон сумын төрийн байгууллагууд нь шинэ байранд оржээ. 

Багшийн сургуульд очоод өөрийгөө нээсэн гэж сонссон?

         -Би 8 дугаар анги төгстлөө их бүрэг, битүү хүүхэд байлаа. Харин Багшийн дээдэд очиж жинхэнэ өөрийгөө задалсан. Дуулдаг, зураг зурдаг боллоо. Тэгээд хүүхдүүдийг задалж, өөрийг нь хөгжүүлэхэд анхаардаг багш болсон. Урлаг, уран сайханд их явдаг боллоо. Бас үндэсний бөхөөр барилдаж сумын наадмаар 1989, 1990 онд түрүүлж сумын Заан цол авлаа. Сурагч байхдаа барилддаггүй байв. Багш болоод хүүхдүүдийг үндэсний бөхийн спортоор хичээллүүлдэг болов. Хүүхдийн барилдааныг эцэг эх, иргэд ирж үздэг байлаа. Тэгээд бас хүүхдийн зодог шуудаг 50-60 ширхгийг би өөрөө оёж өгдөг байв. Манай хүүхдүүдээс сумын заан цолыг хэд хэдэн хүүхэд авсан шүү. Зодог шуудгийг нь том шуудайд хийгээд тавьдаг байлаа. Захирал, дараа нь дарга болоод бөхийн хичээлээ хаясан даа. Хүүхдүүдийг бас дуучин болгох гээд гүйж л байлаа. Одоо сумын Засаг даргын тамгын газрын дарга чинь миний шавь шүү дээ. 

          Сумын соёлын төвийн гол уран сайханч нь байв шүү дээ. Аймгийнхаа хэдэн сумаар аялан тоглолт хийдэг байв. 

       2000 оноос хүүхдүүдэд шатар зааж эхэлсэн. Эхлээд өөрийн 2 хүүхдэдээ шатар заах гээд өөрөө шатар сурсан. Өмнө нь шатар тоглож мэддэггүй байлаа. Хоёр том хүүдээ шатар заасан. Дараа нь сургууль дээрээ хүүхдүүдэд шатар заадаг болов. Манай хүүхдүүдээс аймгийн аварга шатарчин болж байлаа. Хүүхдүүдэд 10 жил шатар заасан даа. Өргөмжлөл, баримт нь надад байгаа. Сүүлдээ анги танхим нь хүрэлцээгүй болсон. Харин энэ жил эргээд шатрын хичээлээ 1-5 дугаар ангид 10 дугаар сарын 1-нээс заахаар болсон. Ирэх жил тэтгэвэртээ гараад хүүхдүүдэд шатар заана гэж бодож байгаа. Засаг дарга Д.Аваажигмэд миний шатрын шавь юм. Хичээлийнхээ хажуугаар сонирхсон зүйлээр нь зааж сургадаг юм. Шатар хүүхдүүдийг сууж сургадаг сайн талтай. Бүх зүйлийг үнэ төлбөргүй л явуулдаг байлаа.  

     Та их сонин түүхтэй хүн юм байна. Зүгээр ч нэг багш биш юм байна...

      -Гуч гарч ирээд морь уяж эхэлсэн. Сумын наадмын морины тавилгын ганц хүн нь би байлаа. Манай сумын морьд яг гараан дээрээ эгнэж зогсоод будилалгүй эргэдэг уламжлал одоо ч хадгалагдсаар л байгаа. Сумын наадмаас айраг, түрүү 100 гаруйг авч аймгийн Алдарт уяач болсон. Морин уралдааны гараан дээр тэр үед олс татдаггүй, шууд л эргэдэг байв. Адуугаа өөрөө харж малладаг. Надад нутагтаа хамгийн их хорогдсон нь энэ адуу дээ. Эрлийз адуу байхгүй ээ. 

       Та бизнесийн салбараас бусад бүх салбарт дур сонирхлын дагуу ажилласан байх юм. Таны энэ олон чадвараа бизнес болгоход гэмгүй л санагдах?

    - Сүүлийн жилүүдэд зөвхөн мэргэжлээрээ дагнаж байна. 2023 онд 12Б ангийн хүүхдүүд Үндэсний бичгээр өгүүлбэр зохиох, зөв цэвэр бичгээр улсад түрүүлж байлаа. Дараа жил нь мөн 12Б ангийн хүүхдүүд тэр сэдвээрээ аймагтаа түрүүлж, улсад 6 дугаар байранд шалгарч байв. Дараа жилээс нь би 6 дугаар ангид монгол бичиг зааж байна. 7, 8 дугаар анги Хичээнгүй бичгээр дээгүүр байр эзэлж байлаа. Баруун-Уртын нэгдүгээр дунд сургуулийн Буянхишиг багшийн анги улсад түрүүлсэн. Манай хүүхдүүд Буянхишигийн шавь нартай л өрсөлдөж байгаа юм. Үндэсний бичгийн уншлага гэж явагддаг. Тэнд манай 7, 8 дугаар ангийн хүүхдүүд дээгүүр байр эзэлдэг. 

    Ийн даруухан яриа нь өндөрлөв. Дэлгэрцогт багшийн Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын сургуульд ажиллаж өнгөрүүлсэн он жилүүдийн бүтээгдэхүүн болон гарсан олон зуун шавь нар нь өдгөө эх орныхоо өнцөг булан бүрд сайн сайхан ажиллаж амьдарч яваа гэдгийг тэр тодотгоно лээ.

Зөвхөн даасан ангиар зогсохгүй, хичээл ордог байсан ангийн хүүхдүүд нь: БАГШАА ТА, ЯГ Л АНГИЙН БАГШ ШИГ ХАНДДАГ БАЙСАН хэмээн хэлдэг гэнэ лээ.

Гавьяатын дайтай үйл бүтээсэн ч Гавьяат болоогүй багш ажээ.      

     

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн очлоо9 минут 20 секундын өмнөХиймэл оюун ухааны далд үнэ16 минут 44 секундын өмнөНөмрөгийн Дархан цаазат газар учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээнэ24 минут 45 секундын өмнөШатахууны хомсдолтой холбоотой 431 маргаан бүртгэгджээ26 минут 57 секундын өмнөМөнххайрханы мөсөн гол хайлж, эх авдаг нууруудын хэмжээ ч багасжээ29 минут 24 секундын өмнөИндонез Улстай эм, вакцины зохицуулалтын чиглэлээр хамтран ажиллана30 минут 55 секундын өмнөФранцын зарим хотод өнөө шөнө хөл хорих цаг тогтоожээ42 минут 57 секундын өмнөХуурамч мэдээллийг түгээдэг хамгийн том дайсан нь улс төрчид байсан бол үүн дээр технологи нэмэгдэж байна43 минут 58 секундын өмнөХҮҮХДҮҮДИЙГ ЗАДАЛЖ, ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРДАГ51 минут 9 секундын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай ч 2,000 гаруй өрх цахилгаангүй байна10 сар 19. 10:59ЗЭЭЛИЙН БАТЛАН ДААЛТЫН САНГИЙН БАРУУН БҮСИЙН САЛБАР ХОВД АЙМАГТ НЭЭГДЛЭЭ10 сар 19. 10:25Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ10 сар 19. 9:53
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.