Төсөл, хөтөлбөрөөр олгосон “Ногоон тэжээл тариалах, хураах иж бүрэн тоног төхөөрөмж”-ийг ашиглан ногоон тэжээл тариалж, энэ онд биотехникийн ажилд зориулан 500 боодол тэжээл бэлтгэн нийлүүлжээ.
Идэр сумын Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын орчны бүсэд үйл ажиллагаа явуулдаг “Цагаан-Уулын Лүндэн” ХХК тус тоног төхөөрөмжийг гэрээний дагуу ашиглан ногоон тэжээл тариалж, жил бүр зэрлэг ан амьтдыг хамгаалах биотехникийн ажилд зориулан тэжээл бэлтгэн нийлүүлж байна.
Хамгаалалтын захиргаа төслийн хүрээнд олгосон техник, тоног төхөөрөмжийн ашиглалтад хяналт тавьж, энэ онд бүрэн бүтэн байдлыг нь шалган тооллого хийж, техник хэрэгслийг QR кодоор бүртгэлжүүлжээ.
Тус компани нь хамгаалалтын захиргаатай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж, тоног төхөөрөмжийг үр дүнтэй ашиглан ногоон тэжээл бэлтгэж байгаа нь төсөл, хөтөлбөрийн хөрөнгө оруулалтыг зориулалтын дагуу ашиглаж, бодит үр дүнд хүргэж буй сайн жишээ болж байна. Түүнчлэн төслийн үр шимийг хүртсэн аж ахуйн нэгжүүдийн оролцоо, хичээл зүтгэлээр тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг ан амьтдад зориулсан биотехникийн ажлыг тогтмол хэрэгжүүлэх боломж бүрдэж байна.
Биотехникийн үйл ажиллагаа нь цас зуд, ган, ус болон идэш тэжээлийн хомсдол зэрэг байгалийн хүнд нөхцөлд зэрлэг ан амьтдын амьдрах орчин, идэш тэжээлийн нөхцөлийг сайжруулахад чиглэсэн хамгааллын ажил юм. Энэ хүрээнд өвс, ногоон тэжээл, хужир, долооц байрлуулах, усны эхийг нээх зэрэг ажлыг зохион байгуулдаг.
Завхан аймагт өмнөх жилүүдэд биотехникийн ажлын хүрээнд найман сумын 19 цэгт 767 боодол өвс, 89 уут хужир, 30 уут тэжээл байршуулсан талаар Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээллээ.
Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 2025 оны байдлаар 32.5 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувьд хүрсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалах ажлын нэг хэсэг нь зэрлэг ан амьтдын идэш тэжээл, усны хүртээмжийг дэмжих, байгалийн хүнд нөхцөлд амьдрах боломжийг нь бүрдүүлэх биотехникийн үйл ажиллагаа юм.

Сэтгэгдэл бичих