Сэтгүүлч Т.Шинэбаярын өмгөөлөгч Ч.Өнөржаргал УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд хандлаа
Сэтгүүлч Т.Шинэбаяр Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид саатуулагдсанаасаа хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 гаруй цаг болж, нөхцөл байдал хүндэрсэн гэдгийг түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал хэлэв. Тэрбээр, "Нийтийн албан тушаалтай сэтгүүлч Ч.Шинэбаяр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байхдаа эсвэл хувийн харилцааны шинжтэй уулзаж, ярилцаж байхдаа таарамжгүй харилцаа үүссэний улмаас Эрүүгийн гэмт хэрэгт татагдсан байна уу гэдгийг шалгуулахаар Хүний эрхийн дэд хороонд хандаж, анхаарлаа хандуулахыг хүсэж байна. Сэтгүүлч Ч.Шинэбаярын хувьд 2026 оны аравдугаар сарын 12-ны өдрөөс хойш хуурай өлсгөлөн зарлаад 80 цаг болж байна. Сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүний эрхийн зөрчил нийтэд ил болж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хууль болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хуулийн сайжруулалт, хууль зүйн хамгаалалт дутмаг байгаагаас болж үүнтэй ижил олон хүн эрх нь зөрчигдөж байгаа.
Т.Шинэбаярын холбогдсон хэргийн тухайд, Эрүүгийн хуулийн 23.7 дугаар зүйлд заасан "нийтийн албан тушаалтныг заналхийлсэн" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татсан.
Энэ зүйл анги нь 2015 оны хуульд шинээр оруулж ирсэн зүйл анги байгаа. Тиймээс энэ зүйл ангиар шийдсэн хэрэг Монголд байхгүй. Яг энэ тохиолдолтой адилхан иргэн нийтийн албан тушаалтанд санал шүүмжлэлтэй хандах, шаардлага тавих нөхцөл байдал үүслээ гэж бодоход тухайн нийтийн албан тушаалтан гомдол гаргалаа гэж бодоход Т.Шинэбаяр сэтгүүлчтэй адилхан эрүүгийн холбогдогчоор татагдах бодит нөхцөл байдал үүслээ. Тиймээс энэ асуудалд хууль тогтоогчид анхаарлаа хандуулах шаардлагатай.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлд "Заналхийлэх" гэдэг зүйл анги бий. Мөн 23.7 дугаар зүйлд "нийтийн албан тушаалтныг заналхийлэх" гэсэн зүйл анги байгаа. Тэгэхээр иргэн хоорондоо бие, биеэ заналхийлвэл бага ялтай. Харин албан тушаалтныг заналхийлсэн үйлдэлд ногдуулах торгууль болон хорих ялын бодлого даруй 10 дахин их байгаа нь хууль тогтоомжийн хувьд оновчгүй, бодит амьдралд нийцэхгүй зохицуулалт болсон гэж үзэж байна" гэлээ.
Мөн Т.Шинэбаярыг хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг баривчилж, баривчилгааг 30 хоног сунгасан. Тодруулбал, Прокурорын санал болон дүүргийн хялбар ажиллагааны шүүхийн захирамжаар "энэ хүн нотлох баримтыг устгаж магадгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж болзошгүй" гэсэн үндэслэлээр цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгасан. Гэтэл түүний гар утас, эд зүйлсийг хураан авч, орон байранд нь үзлэг хийсэн.
Үүнээс хойш тав хоног өнгөрч, шаардлагатай ажиллагааг хийх бүрэн боломжтой байхад үргэлжлүүлэн хорьж байгаа нь иргэний эрхийг зөрчиж, халдашгүй байдалд шууд халдаж байна гэдгийг хэлэв.
Иймээс Хорих 461 дүгээр анги дээр очиж сэтгүүлч Ч.Шинэбаяртай уулзах хүсэлтийг Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Тэмүүжинд уламжиллаа.

Сэтгэгдэл бичих