Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслөөс зарим нь эхнээсээ гацаад байна. Хотын дарга сүүлд хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулахдаа нийт 16 мега төслөөс эхний ээлжинд ТЭЦ-5 төслийг эрэмбэлсэн бол дараагаар нь олон түвшний уулзвар, дүүжин тээвэр, Сэлбэ дэд төв, Улаанбаатар трамбай, Эмээлт эко аж үйлдвэрийн парк зэргийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм. Харин Туулын хурдны зам, метро, тусгай замын автобус, тойрог зам, хог шатаах үйлдвэр, лаг шатаах үйлдвэр, туул усан цогцолбор зэрэг төслийн ихэнх нь цаасан дээр эсвэл ТЭЗҮ боловсруулах шатандаа үргэлжилж байна.
"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫН ТӨСӨЛ ДЭЭР 78 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАНГИ БОДОГДОХ ЭРСДЭЛТЭЙ"
-Нийслэлээс хэрэгжүүлж буй томоохон төслийн нэг нь Туулын хурдны зам. Олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан энэ төслийг Засгийн газраас түр зогсоосон. Туулын хурдны замын эхний хэсгийн нарийвчилсан зураг төслийг боловсруулан, Зам тээврийн хөгжлийн төвөөс 80/2026 дугаар магадлалын ерөнхий дүгнэлт гаргуулсан байна. Уг төслийн нийт төсөвт өртөг нь 666.84 сая ам.доллар бөгөөд 2025-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байдаг. Бүтээн байгуулалттай холбоотой 112 нэгж талбар чөлөөлөхөөс 51 нэгжийг нь бүрэн чөлөөлсөн гэдэг мэдээллийг албаныхан өгч байв. Мөн ажлын зураг нь 80.68 хувьтай байсан бөгөөд үндсэн замын урт нь 32 километр.
Нэг километр замын зардал 255 төгрөг байхаар тооцсон бөгөөд нэг автомашин дунджаар 2550 төгрөгийн төлбөр төлөхөөр төлөвлөсөн талаар албаныхан танилцуулж байсан ч өнөөдөр гацаад байна.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ талаар мэдээлэл өгөхдөө "Хууль хүчний байгууллагаас энэ төсөлтэй холбоотой хяналт шалгалтыг хийж байна. Нийт гурван албан тушаалтныг яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэсэн гэдэг мэдээллийг авсан. Улсын төсөвт 500 тэрбум төгрөг төсөвлөж, гүйцэтгэгч компани руу шилжүүлсэн бол үр дүн ашигтай төсөл болгох байр суурьтай байсан. Харин ард иргэдийн зүгээс Туул голоо хамгаалах үүднээс хурдны замын ажлыг эсэргүүцсэн. Одоо хуулийн байгууллагаас төслийг шалгаж байгаа учраас хүлээлтийн байдалтай байна. Одоогийн байдлаар энэ төсөлтэй холбоотойгоор нийслэлийн данснаас алданги хасагдаагүй байна. Ерөнхийдөө гэрээний заалтын дагуу 78 орчим тэрбум төгрөгийн алданги бодогдох нөхцөл байдал үүссэн. Гэрээ ямар нэгэн асуудалгүй бол арбитрын шүүхээс айх шаардлагагүй. Энэ төслийг хуулийн байгууллагаас сайтар шалгаж, эцэслэхээс өөр аргагүй нөхцөл байдалд байна" гэсэн юм.
ГАНДАНГИЙН ДЭНЖИД ЖИШИГ ГУДАМЖ БАЙГУУЛАХ АЖИЛ ДАХИН ГАЦАВ
-Хүмүүсийн хэлж заншсанаар Гандангийн дэнжийг аялал жуулчлалын бүс болгох талаар олон жил ярьж, төлөвлөсөн ч ажил болж хэрэгжээгүй. Сүүлд нийслэлээс Гандантэгчинлэн хийдийн зүүн хаалгаас чанх урагшаа 1.7 га газрыг чөлөөлж, жишиг гудамж байгуулахаар төлөвлөсөн ч төсөл нь дахин гацаад байна. Энэ талаар нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагваас өмнө нь тодруулахад "Гандангийн дэнжид цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг “Рио Тинто” групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийхээр төлөвлөж байсан ч боломжгүй болсон учраас өөр хөрөнгө оруулагч хайж байгаа" гэдэг тайлбарыг өгсөн юм.
Хотын дарга асан Х.Нямбаатарын үед Гандангийн айлуудын газрын нэг м.кв талбайг нь 1.2-1.4 сая төгрөгөөр үнэлж, чөлөөлсөн гэдгийг оршин суугчид хэлж байсан. Иргэд газраа ойролцоогоор 300-700 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий. Нийслэлийн Баянгол дүүргийн 16 дугаар хороо буюу Гандангийн дэнж дээр 1642 өрхийн 5743 оршин суугч амьдарч байна. Үүнээс гадна 3000 орчим түр оршин суугчтай гэдгээрээ онцлог. Өнгөрсөн 2025 онд Гандангийн дэнжийн зүүн хэсгийг жишиг гудамж болгон тохижуулахаар нийтдээ 60 гаруй айлын газрыг чөлөөлөөд байгаа юм.
Уг ажлыг 2026-2027 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн боловч ажил нь ийнхүү гацаанд оржээ.
Гандантэгчинлэн хийд соёлын түүхэн дурсгалт байгууламж. Зөвхөн сүм хийд гэдэг утгаараа бус Тасганы овоотой нийлээд Талхын дэнж нийтэд нь 58 га газрыг 1994 онд улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Түүхэн дурсгалт газар бөгөөд өөрийн хамгаалалтын зурвастай газар. Энэ газрыг ямар чиглэлээр хадгалж, хамгаалах вэ гэдэг хуультай. Гэтэл нийслэлээс нэг хэсэг газрыг нь чөлөөлж байгаа нь хууль зөрчиж байна. Гэвч тусгай хамгаалалттай газар дээр 2004 онд иргэн, аж ахуйн нэгжид өмчлөл олгож эхэлсэн. Тиймээс газрын эзэд орон сууц болон аялал жуулчлалын зориулалтаараа газраа ашиглах ёстой гэдэг байр суурийг судлаачид хэлж, зөвлөдөг.
НИЙСЛЭЛЧҮҮДИЙН МЕТРОТОЙ БОЛОХ МӨРӨӨДӨЛ 2027 ОНООС БИЕЛНЭ
-Метро төслийн төсөв өмнө нь 1.3 тэрбум ам.доллар байсан бол ТЭЗҮ-ээрээ 2.4 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байдаг. Үүний 15 хувийг нийслэл, үлдсэн хувийн санхүүжилтийг олон улсын зах зээлээс босгохоор ажиллаж байгааг албаныхан мэдээлж байв. Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва сүүлд хэвлэлд яриа өгөхдөө Улаанбаатар хот метротой болно гэдгийг хэлсэн юм. Тэрбээр "Нийслэлийн удирдлагуудын амбиц юу гэхээр 20, 30 жил ярьж байгаа метро, трамвай төслийг ирэх 2027 онд эхлүүлж, 2027 оны 11, 12 дугаар сар гэхэд иргэддээ шинэ нийтийн тээвэр нэвтрүүлэх зорилгыг тавьсан. Тийм учраас бид цаг алдалгүй 2026 оны наймдугаар сарын 28-нд СОР17 олон улсын хурлыг дуусгаад, есдүгээр сарын 5-нд БНХАУ руу явахдаа Хонгконгоор дамжин очсон. Тэгээд BYD группийн тэргүүн дэд ерөнхийлөгч болон техникийн багтай уулзалт хийсэн. Маш том компани учраас "Sky shuttle" хариуцсан тусдаа багтай юм билээ. Нийтдээ 1040 км автомашиныг есхөн минутад цэнэглэдэг технологийг нэвтрүүлсэн баг гээд нийт дөрвөг багтай таван удаагийн уулзалт зохион байгуулсан.
Монголоос 13 хүний бүрэлдэхүүнтэй явсан, тодорхой мөнгийг нь НЗДТГ-аас гаргасан. Гэхдээ хэвлэлээр бичиж байгаа шиг өндөр зардал гаргаагүй, бид аялж зугаалаагүй.
Энэ маш том шийдвэр учраас өөрсдийн биеэр очиж үзээд, техникийн багтай уулзах шаардлагатай байсан. Өвлийн улиралд буюу арванхоёрдугаар сарын 5-ндаа багтаж, ТЭЗҮ-г BYD групп хийлгэх асуудлыг ярьсан. Энэ бол СОР17 олон улсын хурлын чиглэлээр 400 сая ам.долларынхаа араас явсан асуудал. Дараагийн баг БНСУ-руу явж, хөрөнгө оруулалт босгож, технологийг хотдоо нэвтрүүлэх чиглэлээр явж байна. Зөвхөн Монголдоо сууж ажил хийхгүй шүү дээ" гэдгийг хэлсэн юм.

Сэтгэгдэл бичих