2027 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно. Ирэх жил нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 43 их наяд төгрөгөөр тооцсон нь “сонгуульд бэлдсэн төсөв үү?” гэсэн асуулт тавихад хүргэж байна.
Юуны өмнө, 43 их наяд болон 31 их наяд төгрөгийн ялгааг ойлгох хэрэгтэй. 43 их наяд төгрөг гэдэг нь улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийг нэгтгэсэн нийт зарлагын дээд хэмжээ юм. Харин 31 их наяд төгрөг нь зөвхөн улсын төсвөөс зарцуулах зардал юм.
2026 оны төсвийн хүрээнд 2027 оны нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 36 их наяд төгрөгөөр тооцож байв. Харин шинэчилсэн төсөлд энэ хэмжээг 43 их наяд төгрөг болгож, 7 их наяд төгрөгөөр буюу 19.4 хувиар нэмэгдүүлжээ.
Мөн 2027 оны зарлагын дээд хэмжээг 2026 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан 34 их наяд төгрөгтэй харьцуулахад 9 их наяд төгрөгөөр буюу 28.3 хувиар өсгөсөн байна.
Төсвийн зарлага ийнхүү тэлэхийн хэрээр эдийн засагт эзлэх хэмжээ нь ч нэмэгдэнэ. 2027 онд нэгдсэн төсвийн нийт зарлага ДНБ-ий 37 хувьд хүрэхээр тооцжээ. Өмнөх тооцоогоор энэ нь 32 хувь байсан юм.
Мөн 2027 оны төсөв 2 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцсон нь ДНБ-ий хоёр хувьтай тэнцэнэ. Өмнөх тооцоонд алдагдлыг ДНБ-ий 1.5 хувь байхаар тусгаж байжээ.
Өөрөөр хэлбэл, шинэчилсэн төсвөөр 2027 онд өмнө тооцож байснаас илүү их мөнгө зарцуулахын зэрэгцээ төсвийн алдагдал ч нэмэгдэхээр байна.
УЛСЫН ТӨСӨВ СОНГУУЛИЙН ЖИЛИЙГ УГТАЖ ТЭЛДЭГ ҮҮ?
Сонгууль ойртох үед төсвийн зарлага бусад үеэс илүү хурдтай өсөх хандлагыг “улс төрийн төсвийн цикл” гэдэг. Энгийнээр хэлбэл, сонгуулийн өмнө иргэдэд шууд мэдрэгдэх цалин, тэтгэврийн зардал нэмэгдэж, харин дараа нь алдагдал, өрийн дарамтыг бууруулах шаардлага үүсэх юм.
Олон улсын валютын сангийн 2025 онд нийтэлсэн “Fiscal Multipliers in Mongolia” Working Paper судалгаанд Монгол Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх харьцаа парламентын сонгуулийн өмнө өсөх хандлагатай байгааг тэмдэглэж, үүнийг сонгуулийн төсвийн мөчлөгтэй нийцэх үзэгдэл хэмээн тайлбарласан байна. Судалгаанд 2000 оны I улирлаас 2023 оны IV улирал хүртэлх мэдээллийг ашигласан бөгөөд нийт зарлагад урсгал зардал голлон нөлөөлж, хөрөнгийн зардлын ДНБ-д эзлэх хувь харьцангуй тогтвортой байсныг дурджээ.
Тэгвэл Монголд энэ үзэгдэл хэр ажиглагддагийг өнгөрсөн төсвийн гүйцэтгэлээс харъя.
ӨМНӨХ ТАВАН СОНГУУЛИЙН МӨЧЛӨГТ ЮУ БОЛСОН БЭ?
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2008, 2012, 2016, 2020, 2024 онд болсон. Эдгээр сонгуулийн өмнөх болон дараах жилүүдийн төсвийн зарлагын өөрчлөлтийг харьцуулахад сонгуулийн өмнөх жилүүдэд зарлага өссөн хэд хэдэн тохиолдол ажиглагдана.

Сэтгэгдэл бичих