Хар тэнгисийн эрэг орчимд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоц тэнгисийн цэргийн зориулалттай дроны цохилтод өртсөнийг Оросын Тээврийн яам мэдээллээ. Либерийн далбаатай хөлөг дээр гал авалцаж, түүхий газрын тос шатаж буйг харуулсан зураг, бичлэг цахим орчинд тархжээ. Гал намжиж, аврагч хөлгүүд ойртож очих боломжтой болсон үед гал унтраах ажиллагаа эхэлнэ.
Хөлгийн багт 23 гишүүн байсан бөгөөд бүгд энэтхэгчүүд аж. Тэдний хэн нь ч бэртэж гэмтээгүй аврагдсаныг Тээврийн яам мэдэгдэлдээ дурджээ.
Орос, Украины хэн хэн нь Хар тэнгисийн усан дахь арилжааны хөлгүүдийг онилсоор ирсэн. Харин ОХУ сүүлийн үед Румыны эрэг орчимд үр тариа тээвэрлэж явсан Украины хөлгүүдэд хэд хэд цохилт өгчээ.
Түүнчлэн энэ Мягмар гаригт /2026.10.06/ Хар тэнгис дэх Болгарын эдийн засгийн онцгой бүсэд арилжааны зориулалттай хоёр хөлөг онгоц дроны цохилтод өртжээ. Болгар улс дронууд хаанаас гаралтайг шалгаж байгаа бөгөөд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский энэ хэрэгт Оросыг буруутгасан байна. Хөлөг онгоцууд Болгарын эргээс 128 км зайд явж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN

Сэтгэгдэл бичих