ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн мэс заслын алба үүсэж, хөгжсөний 70 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хүрээнд хүүхэд, нярайн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах, олон улсын туршлага, шинэ технологийг нутагшуулах зорилготой “Эрүүл ирээдүйн төлөө” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү форумаар Монгол Улсад хүүхдийн мэс заслын салбар үүсэж хөгжсөн 70 жилийн түүх, өнөөгийн тусламж үйлчилгээний нөхцөл байдал, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологи, эмнэлзүйн ховор тохиолдол, эрдэм шинжилгээ, судалгааны үр дүнг хэлэлцэж байгаа аж. Мөн хүүхдийн мэс заслын салбарын цаашдын хөгжил, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар туршлага солилцож байгаа юм. Энэ удаагийн форумд Япон, БНСУ, АНУ, ОХУ, БНЭУ зэрэг орны эрдэмтэн, судлаач, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд оролцож, 30 гаруй эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж байна.
Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр ярихдаа, “Монгол Улсад хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээг есөн чиглэлээр үзүүлж байна. Тухайлбал, ерөнхий, цээжний, бөөрний мэс засал, чих, хамар, хоолой, эрүү, нүүрний мэс засал, нүдний, нярайн, мэдрэлийн мэс засал зэрэг чиглэлээр төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн форумд зургаан улсын 18 эрдэмтэн, судлаач оролцож, хүүхдийн мэс заслын салбарт нэвтэрч буй орчин үеийн шинэ технологи, эмчилгээний арга, аргачлалын талаар илтгэл тавьж байгаа юм. Дотоодын эмч, мэргэжилтнүүдээс 120 орчим илтгэл, өгүүлэл ирүүлснээс сонгон шалгаруулж, 30 илтгэлийг хэлэлцэж байна. Нийт ирүүлсэн илтгэл, өгүүллийн 30 орчим нь орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн бүтээл байв. Энэ нь орон нутагт хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээний чадавх сайжирч байгааг харуулж байна. Манай хүүхдийн мэс заслын албаны нэг онцлог нь орон нутагт очиж ажилладаг явдал юм. Үндэсний компаниуд, сайн санаат хүмүүсийн дэмжлэгтэй олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгийн 17-д нь хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээг хөгжүүлэх хүний нөөцийн тодорхой чадавх бүрдсэн. Хүүхдийн мэс заслын нэг онцлог нь заавал мэргэшсэн унтуулгын эмчийн баг шаарддаг. Унтуулгын эмчгүйгээр хүүхдийн ямар ч мэс заслыг хийх боломжгүй учраас энэ чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх асуудалд онцгой анхаарч байна. Хүүхэд, нярайн мэс заслын тусламж, үйлчилгээг сайжруулах энэхүү форум өмнө нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулдаг байсан бол цаашид хоёр жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж байгаа” гэв.
ЭХЭМҮТ-ийн Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх эмч Д.Ганчимэг, “Монгол Улсад хүүхдийн мэс заслын алба 1956 оноос үүсэж хөгжсөн түүхтэй. Тухайн үед өнөөдрийнх шиг тоног төхөөрөмж, оношилгоо, эмчилгээний олон төрөлжсөн, нарийн мэргэжлийн чиглэл хөгжөөгүй, мэс заслын боломж ч хязгаарлагдмал байлаа. Харин сүүлийн 10-20 жилийн хугацаанд Монголын хүүхдийн мэс заслын салбар маш хурдацтай хөгжсөн. Өмнө нь хийдэг байсан мэс заслын төрөл, аргачлалтай харьцуулахад нөхөн сэргээх, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал зэрэг технологи шаардсан эмчилгээг амжилттай нэвтрүүлээд байна. Тухайлбал, элэг, бөөр, чөмөг шилжүүлэн суулгах мэс засал, чих, хамар, хоолой, эрүү, нүүр, нүдний мэс заслын чиглэлээр торлог, сонсголын эмчилгээ болон эрүү, нүүрний нөхөн сэргээх мэс заслыг хийж байна. Энэ хөгжилд гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа нь ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үздэг. Мөн манай эмч, мэргэжилтнүүд мэс заслын тусламж, үйлчилгээг мэргэжлийн багаар үзүүлдэг болсон. Үүнд нарийн мэргэжлийн, унтуулгын, эрчимт эмчилгээний эмч, сувилагч зэрэг олон мэргэжилтэн хамтран ажилладаг. Хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ чих, хамар, хоолой, цээжний мэс засал, мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тусламж зэрэг олон чиглэлээр хөгжиж, эмнэлзүйн тусламж үйлчилгээг сургалт, эрдэм шинжилгээ, судалгаатай хослуулан хөгжүүлж байна” хэмээн ярилаа.
Нийслэлд 14 жил, хөдөө, орон нутагт хүүхдийн мэс заслын чиглэлээр зургаан жил ажиллаж буй Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн мэс заслын эмч Х.Мөнхбат ярихдаа, “Орон нутагт ажиллаж байгаа эмч нарын хувьд эмнэлгийн орчин, эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмжийн хүртээмжийн асуудал нэлээд хүндрэлтэй байна. Нийгмийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой холбоотой эмнэлгүүд эм, эмнэлгийн хэрэгслийн өрөнд орсон, төсвийн хүрэлцээ муу, ачаалал ихтэй ажиллаж байна. Энэ асуудлыг ЭМЯ-наас зохицуулж чадвал орон нутагт хүүхдийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах боломжтой. Харин эмч нарын боловсон хүчин, мэргэжлийн ур чадварын хувьд хангалттай гэж бодож байна. Орон нутагт нарийн төвөгтэй, өндөр түвшний хагалгаа хийх боломж хязгаарлагдмал байгаа. Дорноговь аймгийн хувьд бүс нутгийн онцлогоос шалтгаалсан зарим өвчлөл, тохиолдол түгээмэл байдаг. Харин ургийн гажгийн тохиолдол харьцангуй цөөн. Манай эмнэлэгт ерөнхий мэс засал, хүүхдийн бөөр, шээсний замын эмгэгтэй холбоотой хагалгааг голлон хийж байна” гэв.
ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасгууд өнгөрсөн оны байдлаар нийт 151 төсөвт ортой ажиллаж байна. Энэ нь Хүүхдийн эмнэлгийн нийт төсөвт орны 35.6 хувийг эзэлж байна. Тус тасгуудад 2025 онд нийт 9,505 хүүхэд хэвтэн эмчлүүлжээ. Мөн ЭХЭМҮТ-д өнгөрсөн онд нийт 11,816 хагалгаа хийснээс 8,089 буюу 68.5 хувь нь Хүүхдийн эмнэлгийн мэс заслын тасагт хийсэн байна. Үүний 34.7 хувь нь яаралтай хагалгаа байжээ. Манай улсын хүн ам 3.591.000-д хүрч, нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 11 болтлоо буурчээ. Эдгээр үзүүлэлт нь хүүхдийн мэс заслын тусламж, үйлчилгээний хэрэгцээ, ачаалал өндөр байгааг харуулж байна.

Сэтгэгдэл бичих