Аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн холбоодын зүгээс дэвшүүлэн гаргасан хотын албан татварыг 2 хувиас 1 хувь болгон бууруулах саналыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б. Пүрэвдагва нар НИТХ-ын хуралдаанаар ойрын хугацаанд хэлэлцүүлэхээ илэрхийлэв.
“Монголын Ресторан, Зоогийн Газрын Холбоо” ГҮТББ болон “Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо” НЭЗХЭ-ийн санаачилгаар 2026 оны 9 дүгээр сарын 23-нд нийслэлийн удирдлагууд болон хувийн хэвшлийн хамтарсан өглөөний цай уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад салбарын 11 мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, нийт 100 гаруй ресторан, зоогийн газар, бар, зочид буудал, жуулчны бааз зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцож, бизнес эрхлэх орчныг сайжруулах, салбарын хөгжлийг дэмжих асуудлаар санал солилцов.
Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл өдөр тутмын үйл ажиллагаанд тулгарч буй хүндрэл, тэдгээрийг шийдвэрлэхэд шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо нээлттэй илэрхийллээ. Тухайлбал, татварын дарамт, үйл ажиллагааны зардлын өсөлт, мэргэшсэн ажиллах хүчний хомсдол, мөнгөн урсгалын хүндрэл, зөвшөөрөл болон хяналтын давхардал, орлогын улирлын хэлбэлзэл зэрэг асуудлыг хөндөн ярилцав.
Салбарын холбоодын зүгээс хамтарсан уриалгаа танилцуулж, хотын албан татварыг 1 хувь болгон бууруулан, 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс мөрдүүлэх санал дэвшүүлэв. Холбоод уг өөрчлөлтийг хэрэглэгчийн татварын ачааллыг хөнгөлөх, үйлчилгээний хэрэглээг дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэн арга хэмжээ гэж үзэж байна.
Монголын Ресторан Зоогийн Газрын Холбооны Ерөнхийлөгч М. Есөнмөнх:
“МУ-ын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилга болон Нийслэлийн 2026 оны “Бизнесийг дэмжих жил”-ийн хүрээнд аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд нийслэлийн удирдлагууд болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын зүгээс дэмжлэг үзүүлж байгаад талархлаа илэрхийллээ.”
Мөн аж ахуйн нэгжүүд байгууллагынхаа ойр орчныг 50 метрийн хүрээнд тохижуулах, цэвэрлэх тухай нийслэлийн удирдлагаас дэвшүүлсэн уриалгыг аж ахуйн нэгжүүд дэмжлээ.
Нийслэлийн удирдлага, иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн зүгээс аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийг дэмжиж, холбогдох асуудлаар нээлттэй ярилцан, харилцан санал солилцсон энэхүү уулзалт нь цаашдын салбарын хөгжилд ихээхэн ач холбогдолтой боллоо.

Сэтгэгдэл бичих