Онцгой байдлын байгууллагад энэ долоо хоногт буюуесдүгээр сарын 14-17-ны өдрийн хооронд дөрвөн аймаг, нэг дүүргийн нутаг дэвсгэрт нийт найман удаагийн ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 17-ны 10:30 цагийн байдлаар гурван удаагийн ой, хээрийн түймрийн дуудлагын дагуу гал унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, ОХУ-ын нутаг дэвсгэрт Монгол Улсын хилээс хоёр орчим километрийн зайд 2026 оны есдүгээр сарын 8-ны 21:29 цагтсансрын хиймэл дагуулын мэдээллээр илэрсэн түймэр есдүгээр сарын 15-ны 19:45 цагт Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутагт хил даван орж ирсэн байна.
Тус ойн түймрийг унтраахаар Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн анги, Баянзүрх, Улаан-Уул сумын мэргэжлийн анги, орон нутгийн байгаль хамгаалагч зэрэг нийт 36 алба хаагч ажиллаж байна.
Мөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан уулын Төр хурахын ам, “Их Халзангийн-Энгэр” гэдэг газарт есдүгээр сарын 16-ны 13:15 цагт ойн түймэр гарсан дуудлага бүртгэгджээ.
Тус түймрийг унтраахаар Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63, 35 дугаар анги, Нийслэлийн аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги болон Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны нийт 66 алба хаагч ажилласан байна.
Алба хаагчид түймрийг есдүгээр сарын 16-ны 18:15 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан байдлаар ойн түймэрт зургаан га орчим талбай өртөж шатсан байна.
Түүнчлэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хонгор 4 дүгээр багийн “Улаан хонхор” гэдэг газарт есдүгээр сарын 17-ны 07:20 цагт хээрийн түймэр гарсан тухай дуудлага хүлээн авчээ. Түймэр гурван километр урт, 500 метр өргөн талбайд тархсан бөгөөд 10:43 цагт цурамд оруулсан байна.
Түймрийг бүрэн унтраахаар нутгийн иргэд болон Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн нийт 19 иргэн, алба хаагч ажиллаж байна.
Иймд ой, хээрт зорчихдоо:
- Асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал болон үнс нурмыг бүрэн унтраах;
- Халуун үнс, нурмыг зориулалтын таглаа бүхий нүх, саванд хийх;
- Гэр, сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;
- Хог, өвсийг ил задгай шатаахгүй байх;
- Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зулыг асааж орхихгүй, бүрэн унтраах;
- Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Нэг хүний хариуцлагагүй үйлдэл их хэмжээний талбай, байгаль орчин, хүний амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй. Тиймээс иргэн бүр галын аюулаас урьдчилан сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалахыг Онцгой байдлын байгууллагаас сануулж байна.

Сэтгэгдэл бичих