УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжжээ.
Төсвийн тодотголын хүрээнд төсвийн орлого, зарлагын бүтцэд зохицуулалт хийж, төрийн зардлын хэмнэлтийг иргэдийн орлогыг хамгаалах, стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, эрчим хүч болон хүнсний хангамжийг тогтворжуулахад чиглүүлэхээр тусгасан байна.
Тодотголоор төрийн үйл ажиллагааны зардалд нийт 1.44 их наяд төгрөгийн хэмнэлт, таналт хийхээр тусгасан аж. Хэмнэсэн эх үүсвэрийг дараах нийгэм, эдийн засгийн тэргүүлэх чиглэлүүдэд зарцуулахаар төлөвлөжээ. Үүнд,
-Ахмад настны суурь тэтгэврийн нэмэгдлийг 2026 оны арваннэгдүгээр сарын 1-нээс олгоно.
-Дундаж тэтгэврийг 233.8 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ.
-Төрийн үйлчилгээний салбарын албан хаагчдын цалингийн нэмэгдлийн зөрүүг арилгана.
-“Гэрт ойрхон сургууль-Хамгийн сайн сургууль” үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.
-Стратегийн хүнсний бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлнэ.
-Эрчим хүчний үнийг нэмэхгүйгээр хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулна.
-Тэтгэврийн нэмэгдэлд 196.3 тэрбум төгрөг, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэлд 844.6 тэрбум төгрөг тусгасан байна.
Үнэ, нийлүүлэлтийн эрсдэлийг бууруулах зорилгоор 100 мянган тонн улаанбуудай, 12 мянган тонн хүнсний ногоо, 20 мянган тонн махны нөөц бүрдүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн зоорь, агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний агуулахын багтаамжийг 300 мянган метр кубээр өсгөхөөр тусгажээ.
Эрчим хүчний салбарын хангамж, найдвартай ажиллагааг хангах зорилгоор 200 тэрбум төгрөгийн санхүүжилт төлөвлөсөн бөгөөд үүний 107.3 тэрбум төгрөгийг салбарын татаас, 92.7 тэрбум төгрөгийг тоног төхөөрөмжийн шинэчлэлд зарцуулахаар байна.

Сэтгэгдэл бичих