2026 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн шалгалтад улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлснээс 1,469 нь Улаанбаатар хотод байна.
Нийслэлд ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулах бөгөөд өдөрт дөрвөн ээлжээр явуулна. Нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилжээ.
Өмнөх хоёр улирлын шалгалтын дүнгээс үзэхэд, шалгалтад оролцогчдын 35 орчим хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангажээ. Тодруулбал, 2026 оны I улиралд Улаанбаатар хотод 1,532 иргэн бүртгүүлснээс 1,049 нь шалгалтад оролцож, 365 иргэн буюу 34.8 хувь нь тэнцсэн байна. Харин II улиралд 1,152 иргэн бүртгүүлснээс 917 нь шалгалт өгч, 326 иргэн буюу 35.6 хувь нь тэнцжээ.
Ингэснээр дээрх хоёр улирлын шалгалтаар нийт 1,966 иргэн шалгалтад оролцсоноос 691 нь буюу 35.1 хувь нь тэнцсэн байна.
Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Үүний дагуу Төрийн албаны зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулдаг. Шалгалтыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлснээр хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөллийг бууруулж, ил тод, нээлттэй зохион байгуулах нөхцөл бүрдсэн гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээлжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл бичих