Ардчилсан намаас өнөөдөр /2026.09.03/ “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ.
Ардчилсан намын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж:
-2027 оны улсын төсөв бол цэвэр сонгуульд зориулсан төсөв болохоор харагдаж байна. Хоёрдугаарт, энэ төсөв иргэдийн халаасыг тэмтэрсэн төсөв болох нь.
Ардчилсан намаас тавьж байгаа ганцхан шаардлага бий. Тэр бол үнийн өсөлтөд нэрвэгдээд байгаа иргэдийнхээ амьдрал, ахуйг бодитоор шийдвэрлэхэд анхаарсан төсөв оруулж ирээч ээ, бодлого гаргаач ээ гэсэн шаардлага. Гэтэл өнөөдөр иргэдийнхээ амьдралыг улам хүндрүүлэхээр төсөв оруулж ирэх гэж байна.
2016 он буюу 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авч байсан өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийг өнөөдөр 81410 төгрөгөөр авч байна. Энэ бол төгрөгийн үнэ цэн хэр хэмжээгээр унасныг харуулж байгаа бодит жишээ.
Төгрөгийг хэн, яаж үнэгүйдүүлдэг вэ? Дарга нар ийм хэмжээний төсөв баталж, үр ашиггүй зарцуулалт хийж, төсвийн сахилга батыг алдагдуулснаараа төгрөгийг үнэгүйдүүлдэг.
Гуравдугаарт, Баялгийн сангийн тухай хуулийг ноцтой зөрчих гэж байна.
“Оюутолгой" компаниас орж ирээгүй байгаа 3 их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энэ мөнгийг ямар нэгэн дарга урдуур нь орж, төсөвт оруулж ирээд, түүгээрээ станц, дэд бүтцийн төсөл барих ямар ч боломжгүй. Хуримтлалын сангийн тухайд тусгай заалт нь өөрөө тодорхой байгаа. Энэ мөнгө иргэн бүрийн нэрийн дансанд орох ёстой.
Станц барьж болно. Дэд бүтэц барьж болно. Гэхдээ Баялгийн сангийн мөнгөөр болохгүй. Энэ бол Баялгийн санг балгийн сан болгож байгаа үйлдэл. МАН “ард түмэндээ ирлээ” гэж хэлж байсан. Гэтэл өнөөдөр МАН ард түмнээсээ хулгайлах гэж байна. Үүнийг бид анхаарах хэрэгтэй байна.
УИХ-ын гишүүн Ө.Шижир:
-Ерөнхий сайдын өргөн барьсан төсөв есөн шид нь бүрдсэн төсөв боллоо. Улсын төсөв, төрийн өмчит компаниудын төсвийг харах юм бол Монгол Улс сүүлийн 10 жилд мөнгөгүйдээ биш, мөнгөтэйдээ зовж ирсэн улс боллоо. Гэвч байгаа мөнгөө зөв зарцуулж чадсангүй. Төслүүдийнхээ эрэмбэ, дарааллыг бүгдийг нь буруу өрсөн. Төсөл, хөтөлбөрүүдийнхээ тооцооллыг буруу хийсэн.
2024 онд Засгийн газар 14 мега төсөл, нийслэл 24 мега төсөл хэрэгжүүлнэ гэж ярьж байсан. Гэтэл өнөөдөр ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давчихлаа.
МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрүүдийг эргээд харах юм бол биелсэн зүйл тун ховор байна. Үе үеийн Засгийн газрууд ажлаа бодит үр дүнгээр бус, дандаа пи-ар-аар хийдэг болсон. Аливаа ажлаа урьдчилж зарладаг, тооцоогоо буруу хийдэг болсон.
Үүний үр дүнд юу болж байна вэ? Иргэдийн худалдан авах чадвар өдрөөс өдөрт муудаж байна. Иргэдийн амьдрал сайжрахгүй байна. Зөвхөн 2020 оноос хойших улсын төсвүүдийг харьцуулахад 2027 оны төсөвтэй харьцуулахад төсвийн хэмжээ 208 их наяд 839 тэрбум төгрөгөөр өссөн байна.
2015 оноос хойших 12 жилийн хугацаанд улсын төсвийн зарлага 10 дахин өссөн.
Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд долоон удаагийн төсөв хэлэлцэж байна гэдэг өөрөө нэг зүйлийг маш тодорхой харуулж байна. Энэ бол Засгийн газар улсын төсвөө анхнаасаа бодитой, зөв тооцож чадахгүй байна гэсэн үг.

Сэтгэгдэл бичих