ЦУОШГ-ын мэдээлснээр, есдүгээр сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх ч нутгийн баруун өмнөд хэсгээр дунджаас дулаан, төв, зүүн аймгуудын зарим сумын нутгаар дунджаас сэрүүсэх төлөвтэй байна.
Хур тунадас нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, төв, зүүн аймгуудын нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Есдүгээр сард өдөртөө харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх ч шөнөдөө агаарын температур огцом буурах, зарим үед уулархаг нутгаар цас орох, газар тариалангийн бүс нутгаар хяруу унах, хөрсөн дээр цочир хүйтрэх үзэгдэл олон жилийн дундаж хугацаанаас харьцангуй эрт ажиглагдах магадлалтай. Иймд малчид хадлан тэжээл бэлтгэх, малын хашаа хороо, өвөлжөөгөө эрт бэлдэх, тариаланчид ургацаа цаг агаарын нөхцөлтэй уялдуулан хураах, хяруу, цочир хүйтрэлтээс ургацаа хамгаалахыг анхааруулж байна. Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тухайн үеийн богино хугацааны цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээ, сэрэмжлүүлгийг тогтмол авч ашиглахыг зөвлөжээ.
Баруун аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Агаарын температур эхний 10 хоногийн эхэн, сүүл, гуравдугаар 10 хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногийн сүүл, гуравдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх юм. Эхний 10 хоногийн дунд, сүүл, хоёрдугаар 10 хоногийн дунд үеэр хур тунадас их, уулаараа цас орох, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэх магадлалтай байна.
Төвийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жлийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгийн нутаг, Төв аймгийн зүүн хойд хэсгээр дунджаас ахиу бол бусад нутгаар дунджийн орчим байна. Агаарын температур нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн сүүл үед ихэнх нутгаар дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр 10 хоногийн дунд, хоёрдугаар 10 хоногийн дунд, сүүлээр ихэнх нутгаар дунджаас дулаарах төлөвтэй байна. Нэгдүгээр 10 хоногийн ихэнх хугацаанд, хоёр, гуравдугаар 10 хоногийн эхэн үед ихэнх нутгаар хур тунадас, уулаараа цас орно.
Зүүн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр 10 хоногийн эхэн, хоёрдугаар 10 хоногийн сүүл, гуравдугаар 10 хоногийн эхэн үед ихэнх нутгаар дунджаас сэрүүн байх бол нэгдүгээр 10 хоногийн сүүл, хоёрдугаар 10 хоногийн эхэн, дунд үед ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн эхэн, сүүлч, хоёрдугаар 10 хоногийн сүүл, гуравдугаар 10 хоногийн эхэн үед ихэнх нутгаар хур тунадас, уулараа цас орож салхи ширүүсч шороон шуурга шуурах магадлалтай байна.
Говийн аймгуудын нутгаар: Агаарын дундаж температур Өмнөговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунжийн орчим, хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй. Агаарын температур нэгдүгээр 10 хоногийн эхэн, гуравдугаар 10 хоногийн сүүл үед олон жилийн дунджаас сэрүүсэх бол нэгдүгээр 10 хоногийн сүүл, хоёрдугаар 10 хоногт ихэнх нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй. Нэгдүгээр 10 хоногийн дунд, сүүл, хоёрдугаар 10 хоногийн сүүлээр бороо орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед 10-16 м/с хүрч, шороон шуурга шуурна.

Сэтгэгдэл бичих