Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Цөмийн онош зүйн тасаг Монгол Улсад анх удаа амжилттай нэвтрүүлж, түрүү булчирхайн хорт хавдрыг илүү нарийвчлалтай оношлох эмнэл зүйн шинэ технологийг нэвтрүүллээ.
Tc-HYNIC-PSMA нь түрүү булчирхайн хорт хавдрын эсүүдэд илүү өвөрмөц илэрдэг PSMA уурагтай холбон, хавдрын голомт, үсэрхийллийг дүрслэн илрүүлэхэд ашигладаг орчин үеийн цөмийн оношилгооны арга юм.
Шинэ технологийг нэвтрүүлснээр:
- Хавдрын голомт, үсэрхийллийг илүү нарийвчлалтай илрүүлж, үнэлэх
- Оношилгооны үр дүнд үндэслэн эмчилгээний тактикийг оновчтой төлөвлөх
- Харьцангуй бага өртөгтэй, хүртээмжтэй цөмийн оношилгооны аргыг эмнэл зүйн практикт нэвтрүүлэх
- Цаашид ¹⁷⁷Lu-PSMA радиолиганд эмчилгээг нэвтрүүлэхэд шаардлагатай оношилгооны үндсэн суурийг бүрдүүлэх
Энэхүү технологийг Монгол Улсад нутагшуулснаар түрүү булчирхайн хорт хавдрын оношилгоо, эмчилгээний менежментийг боловсронгуй болгох, үйлчлүүлэгчдэд орчин үеийн цөмийн оношилгооны тусламж, үйлчилгээг эх орондоо хүртээмжтэй хүргэхэд чухал ач холбогдолтой юм.
УНТЭ-ийн Цөмийн онош зүйн тасгийн хамт олон орчин үеийн оношилгоо, эмчилгээний дэвшилтэт технологийг эмнэл зүйн практикт нутагшуулан хөгжүүлж, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаагийн жишээ юм.

Сэтгэгдэл бичих