
Төрийн өмчит компаниудын дансан дахь мөнгийг УИХ-ын гишүүдэд барилаа гэдэг мэдээний араас амжилттай яваа, ашиг орлого олж улсын төсөв бүрдүүлдэг цөөн компаниудынх нь тамгыг амжилтгүй яваа улстөрчдөд атгуулж эхлэх нь ээ. Сонгуулийн шархаа төрийн өмчит компанийн тамга атгаж нөхөх МАН-ын эхний ээлжийнхний нэгдүгээрт Г.Ганболдын нэр яригдаж байна. Г.Ганболдыг манай зарим уншигчид хуурамч дипломтой хэмээн цоллогдож байснаар нь санаж байгаа байх. Бас зарим уншигч маань Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг дахь нүүрсний уурхай, шахмал түлшний үйлдвэр, хууль бус нүүрсний наймаа, нүүрсний хулгай зэрэгт нэр нь олонтаа дурдагдаж байсныг ч санаж буй биз ээ.
Өнгөрсөн сонгуулиар хангайн бүс Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймагт нэр дэвшиж 17-р байрт жагсан сонгогдоогүй байна. Энэ бол тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан түүнд өгсөн сонгогчдын үнэлгээ. Есөн мандаттай тойрогт нэр дэвсэн УИХ-ын гишүүн хүн 17-д орно гэдэг нь ард түмэн түүний үнэн төрхийг мэдэж байна гэсэн үг.
Харин эрх баригч МАН, эсвэл түүнийг заавал сайд, дарга, захирал байлгах өртэй цөөн хүн л мэдэхгүй байгаа бололтой. Гочоогийн Ганболд гэх энэ хүн сонгуульд унасныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болж үзэж, Зам тээврийн дэд сайд ч болоод үзэж. Гэхдээ түүний төрийн өндөр сэнтийд удаан байгаагүйд бас учир буй биз. Төрийн ордны тамхины цэгээс биш ч төрийн өмчит компаниудыг хуваан завшигчдын хүрээнээс сонссон мэдээллээр Монголын төр өртэй мэт Г.Ганболдод тамга атгуулахаар гүйлддэг мэр сэр түшмэлүүд мөн л идэвхижжээ.
Г.Ганболд гишүүнээр улиръя гэлээ, сонгогчид боль гэлээ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Зам тээврийн сайд нь зөвлөхөөр авах гэж үзлээ, дэд сайд болгож томилж үзлээ, “тэр барсангүй”. Одоо ер нь Монголын төрөөс авахаа авч ханаад “би өөрөө больё оо” гэж хэлэх цаг болоогүй гэж үү Г.Ганболд гишүүн асан минь. Түүнийг сонгогчид больё гэсэн нь учиртай байж таараа, туулж ирсэн зам, хэвлэлд үлдсэн мөр нь ч, хийж хэрэгжүүлэх итгэл найдвар муу байгааг нь ч бодсон хадаг тамга барьж гүйх гэсэн Баянхонгор, Өвөрхангайн гаралтай дарга захирлууд больчихоосой, хамтдаа хөтлөлцөөд уруу замд шааригдах гээгүй л бол. Г.Ганболдыг дагуулсан хүн хангайн бүсэд нэр дэвшиж очоод түүнлугаа 17-д орох л зам руугаа халтирах биз ээ.

Сэтгэгдэл бичих