Гадаад харилцааны яам “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ-тай хамтран зохион байгуулж буй “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга” уулзалт өнөөдөр эхэллээ.
Чуулга уулзалтад Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал оролцож, Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн талаар мэдээлэл өгсөн юм.
Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монголчуудын нийгмийн хамгааллын асуудлыг шийдэх хүрээнд Монгол Улс ОХУ, БНСУ, БНТУ, Бүгд Найрамдах Унгар улс, Бүгд Найрамдах Польш улс, Бүгд Найрамдах Чех улс, Бүгд Найрамдах Казахстан улс, Бүгд Найрамдах Австри зэрэг 8 улстай нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулаад байгаа. Хэлэлцээрийн хүрээнд иргэд хоёр улсад ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаагаа эх орондоо шимтгэл төлснөөр нэгтгэн тооцуулж, ахмад насны, хөдөлмөрийн чадвар болон тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх зүйн үндэс, нийгмийн хамгааллын баталгаа нь сайжрах нөхцөл бүрдэж байгаа.
Дээрх чуулга уулзалтаар хилийн чанадад амьдарч, ажиллаж, сурч буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх зэргийг хэлэлцэж байна. Чуулга уулзалтад 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулж буй 180 гаруй холбоо, ТББ-ын төлөөлөл, төрийн болон олон улсын тусламжийн байгууллага, бизнесийн холбоо зэрэг 200 гаруй зочин, төлөөлөгч оролцож байна.

Сэтгэгдэл бичих